Өмнөд Солонгосын засгийн газар өнгөрсөн долоо хоногт ерөнхий боловсролын сургуулийн багш нарын эрхийг хамгаалах цогц арга хэмжээ авах болсноо зарлаж байв.
Тэгвэл өчигдөр буюу Лхагва гарагт уг төлөвлөгөөнийхөө дэлгэрэнгүйг танилцуулжээ.
Өнгөрсөн сарын 18-ны өдөр Сөүл хотын нэгэн бага сургуулийн залуу багш сурагчдын эцэг эхийн дарамтыг тэсвэрлэлгүй амиа хорлосон нь багш нарын эрхийн асуудлыг нийгмийн анхаарлын төвд оруулсан юм.
Энэ явдлын дараа багш нар эрхээ хамгаалуулахаар засгийн газарт хандаж байв.
Өчигдөр Өмнөд Солонгосын боловсролын яам гомдол барагдуулах шинэ системийг энэ хичээлийн жилийн хоёрдугаар улирлаас эхлэн хэрэгжүүлэхээр болсныг мэдээлжээ.
Энэ системийн дагуу сургууль бүр доод тал нь таван багшаас бүрдсэн, захирлаар ахлуулсан гомдол хүлээж авах хороотой болох гэнэ.
Эцэг эхчүүд багш нарт шууд хандах эрхгүй бөгөөд зөвхөн энэ хороонд хандаж шийдвэрлүүлэх журамтай болжээ.
Хороо бие дааж шийдвэрлэхэд хэцүү асуудлыг орон нутгийн боловсролын байгууллагын оролцоотойгоор хэлэлцэж, шийдвэрлэж байхаар болсон байна.
Багш нар сурагчдын эрхийг зөрчсөн тухай эцэг эхчүүдийн гомдлыг хууль сахиулах байгууллага шалгахдаа орон нутгийн боловсролын байгууллагатай заавал зөвлөлдөх ёстой болжээ.
Ингэснээр багш нар шударга бусаар шийтгүүлэх явдлаас сэргийлэх юм байна.
Мөн багш нарын эрхийг зөрчсөн тохиолдлуудад хангалттай арга хэмжээ аваагүй, нуун дарагдуулсан сургуулийн захирлуудад хариуцлага тооцох системийг чангатгахаар болжээ.
Үүнээс гадна багшийн эрхэд халдсан сурагч, эцэг эхчүүдэд хариуцлага тооцдог болоход шаардлагатай хуулийн өөрчлөлтүүдийг боловсролын яам санаачлахаар төлөвлөсөн байна.
Тухайлбал багшийн эрхэд халдсан сурагчийн хувийн хэрэгт тэмдэглэл хөтөлж, энэ нь их сургуулийн элсэлтийн шалгалтын оноонд нөлөөлөх тогтолцоог нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Багшийн эрхэд халдсан нь батлагдсан эцэг эхчүүд заавал бичгээр уучлал гуйх, дахин ийм зөрчил гаргахгүй гэсэн амлалт авах, тусгай боловсрол олгох хөтөлбөрт албадан хамрагдах, эсвэл 3 сая хүртэл воны ($2,240) торгууль хүлээх шийтгэлтэй болох юм байна.