Гадаадын хөрөнгө оруулагчдыг татах, бизнесийн хамтын харилцааг өргөжүүлэх, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилт бүхий Монгол-Хятадын 4 дэх экспо зохион байгуулах ажлын хэсгийн хурал боллоо. Ажлын хэсгийн хурлыг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун ахалж Монголын талын бэлтгэл ажлуудыг эрчимжүүлэх, бэлтгэл ажлуудыг цаг хугацаандаа бүрэн хангах талаар чиглэл өглөө.
Үндэсний үйлдвэрлэгч 500 аж ахуй нэгжийг оролцуулах тус экспо хоёр улсын хамтран зохион байгуулж буй хамгийн том экспо юм. Хоёр орны худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод 2021 онд хүрсэн бол 20 тэрбум ам.долларт хүргэх зорилттойгоор бүхий л салбарт хамтран ажиллаж байна. Энэ жил экспо хурал, форум, үзэсгэлэн худалдаа, дүр төрхийн үзэсгэлэн зэргээр аж ахуй нэгж, байгууллагууд хөрөнгө оруулагчдад бараа, бүтээгдэхүүнээ сурталчлах юм.
Монгол, Хятад улсын Засгийн газрын түвшинд хоёр жил тутамд зохион байгуулагддаг хамгийн том экспо болох Монгол-Хятадын 4 дэх экспо 9 дүгээр сарын 06-10-ны өдрүүдэд Хөх хотод зохион байгуулагдана. Экспо зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг тэргүүтэй төлөөлөгчид бээжин хотноо ажиллаад ирсэн. Мөн дэд сайд М.Ганхүлэг 8 дугаар сарын 18-ны өдөр Монгол, Хятадын 4 дэх экспо албан ёсоор зохион байгуулах талаарх хоёр улсын хамтарсан хэвлэлийн бага хуралд оролцож, экспогийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгөөд байна.
Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн тэргүүн нарын уулзалтаар харилцан тохиролцсон худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг нэмэгдүүлж хоёр орны худалдааны эргэлтийг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтод бид 2021 онд хүрсэн бөгөөд энэхүү зорилтыг 20 тэрбум ам.долларт хүргэхээр бүхий л салбарт хамтран ажиллаж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.