Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар нийтийн тээврийн автобусны төлбөрийг 1,000 төгрөг болгох тухай санал яригдаж байгаа тухай өчигдөр мэдээлсэн.
Энэ талаар Нийтийн тээврийн газраас лавлахад нийтийн тээврийн автобусны төлбөрийг 1,000 төгрөг болгох хоёр хувилбар гаргасан, гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш болохыг хэллээ. Хотын дарга эцсийн шийдвэрийг гаргана гэв.
Автобусны төлбөрийг 1,000 төгрөг болгох шийдлийн тухайд “Нэг хүн хагас өдөр нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэхэд 1,000 төгрөгийг Emoney картаас нь авдаг болох юм. Тухайн хүний өглөө төлсөн 1,000 төгрөгийн төлбөрийн хугацаа үдээс хойш дуусвал дахин 1,000 төгрөгөө уншуулна. Ингэснээр 30 минутын дотор амжиж, үнэгүй дамжин суух шаардлагагүй болно. Өөрөөр хэлбэл олон автобус дамжиж явдаг хүнд ашигтай гэсэн үг. Гэхдээ энэ нь эцсийн шийдвэр биш.
Харин өглөө болон оройд л автобусаар үйлчлүүлдэг бол хуучнаараа буюу 500 төгрөгөөр зорчино гэсэн шийдлүүд яригдаж байна” хэмээн тайлбарлалаа.
Эдгээр саналыг Нийтийн тээврийн газраас гаргажээ.