80 дахь удаагийн Венецийн Олон Улсын Кино наадмын захирал Алберто Барбера тус наадмын Оризонти уралдаант хэсэгт Монгол найруулагч Пүрэв-Очирын Лхагвадуламын “СЭР СЭР САЛХИ” (CITY OF WIND) бүрэн хэмжээний уран сайхны киног сонгож буйг дэлхий нийтэд зарласан билээ.
Дэлхийн А зэрэглэлийн кино наадмуудын нэгд зүй ёсоор тооцогддог Венецийн Олон Улсын Кино наадамд анх удаа Монголын найруулагчийн бүтээл албан ёсны хөтөлбөрт сонгогдон, наадмын дээд шагнал болох “Алтан Арслан”-гийн төлөө өрсөлдөх эрхтэй болсон нь Монголын кино урлагийн түүхэнд тэмдэглэгдэн үлдэх үйл явдал юм.
Онгод тэнгэрийн ивээл болон бүдэг бадаг ирээдүйн дунд өөрийгээ хайх 17 настай бөө хүү ЗЭ-ийн тухай өгүүлдэг “СЭР СЭР САЛХИ” (CITY OF WIND) уран сайхны кино нь залуу найруулагч Пүрэв-Очирын Лхагвадуламын анхны бүрэн хэмжээний кино бүтээл бөгөөд түүнийг Английн кино урлагийн мэргэжлийн нэр хүнтэй Screendaily сэтгүүл 2023 онд хамгийн их хүлээлттэй 18 залуу найруулагчийн нэгээр нэрлэсэн болно.
Мөн найруулагч П.Лхагвадулам нь “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киногоороо 2022 оны Венецийн ОУКН-ын шилдэг богино хэмжээний “Алтан Арслан” шагналыг хүртсэн анхны Монголын уран бүтээлч болж байсан бахдам амжилттай уран бүтээлч юм.
Тус киног Монголын Гуру Медиа, Францын Аврора Филмз, Португалын Uma Pedra nо Sapata, Голландын Volya Films, Германы 27 Films, Монголын Мобинетийн VOO компаниуд хамтран Монгол, Франц, Португал улсуудын Үндэсний Кино Урлагийн Зөвлөлийн тэтгэлэгүүд болон Берлин, Локарно, Доха, Роттердам ба Торино зэрэг олон улсын кино наадмын дэргэдэх сангууд болон Францын АРТЕ ТВ-ийн сувгийн дэмжлэгээр бүтээсэн.
Киноны зураг авалтыг 2022 оны 9-12 сард Улаанбаатар хотноо зохион байгуулсан ба зураг авалтанд Монгол, Франц, Португалийн нийт 80 гаруй уран бүтээлчид ажиллан, 200 гаруй гол ба туслах дүрүүд, олны хэсгийн жүжигчид, урлагийн сургуулийн оюутанууд оролцон тоглосон. Тус киноны гол дүрд залуу жүжигчин Б.Тэргэл, А.Номин-Эрдэнэ нар тоглож, МУ-ын Ардын жүжигчин Г.Мягмарнаран, жүжигчин Ц.Ганзориг, Н.Цэнд-Аюуш, Ч.Булган нар туслах дүрийг чадамгай бүтээсэн бол Ерөнхий зураглаачаар Португалийн Вашко Виана, Ерөнхий зураачаар Монголын Н.Болор-Эрдэнэ, Хөгжмийн зохиолчоор Португалийн Вашко Мэндонса, Гэрэл, техникийн багийн ахлагчаар Б.Түвшинтөгс, Монгол талын Ерөнхий продюсерээр Гуру Медиа студийн продюсер Ц.Ариунаа, гүйцэтгэх продюсераар мөн студийн продюсер Х.Оюундарь нар тус тус ажилласан байна.