Зам, тээврийн салбарын хүний нөөцийг чадавхжуулах асуудлаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт өнөөдөр мэдээлэл өглөө.
Энэ талаар тэрбээр “Зам, тээврийн салбарт 50,000 орчим хүн ажилладаг. Авто зам, төмөр зам, агаарын тээврийн салбар өргөжих хэрээр боловсон хүчний дутагдалд орох төлөвтэй байна. Ялангуяа төмөр замын болон иргэний нисэхийн салбарт. Тиймээс ирээдүйн залуучуудаа бэлтгэх бодлогыг боловсруулж, гадаад, дотоодын их, дээд сургуулиудад сургаж байна.
Өнөөдрийн байдлаар зам, тээврийн чиглэлээр дотоодод 3,000 гаруй, гадаадад 400 гаруй боловсон хүчин бэлтгэгдэж байгаа.
БНХАУ-ын Бээжин хотын Зам харилцааны их сургуульд 60 оюутан элсүүлэх байснаас 42 нь тэнцэж суралцах батламжаа өнөөдөр гардаж авах гэж байна. Эдгээр оюутан авто тээвэр, авто зам, агаарын тээвэр төмөр замын чиглэлээр үнэ төлбөргүй суралцана. Амжилттай суралцаж ирээд Монголын төмөр зам зэрэг байгууллага болон МИАТ компанид ажиллах боломжтой.
Мөн Москвагийн Авто замын дээд сургууль, Төмөр замын их сургуульд мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэгдэж байгаа. Цаашид Герман, БНСУ, Катар, АНУ-д зам, тээврийн салбарын боловсон хүчнийг бэлтгэнэ.
Герман улсын МСҮТ-д нэг жилд 50 гаруй оюутан зам, тээврийн мэргэжлээр үнэ төлбөргүй суралцаж, ажиллаж, төгсөж байна.
Манай улс 1,100 километр гол төмөр замтай байсан бол одоо 2,000 гаруй километр төмөр замтай болоод буй. Сайншанд-Тавантолгой, Тавантолгой-Гашуунсухайт, Зүүнбаян-Ханги-Мандал чиглэлд төмөр замтай болсон.
Одоо Орос, Хятадыг холбосон баруун болон зүүн босоо чиглэлийн төмөр замтай болно.
Хятад улстай зөвхөн Эрээн-Замын-Үүд боомтоор холбогдож байсан бол таван төмөр замаар гарах бололцоотой болж байна.
ОХУ, БНХАУ-ыг холбосон ганцхан төмөр замтай байсан бол гурван төмөр замтай болох бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаа. Төмөр зам нэмэгдэх хэмжээгээр боловсон хүчин шаардлагатай болно.
Агаарын тээврийн салбар 35 улсын 105 чиглэлд шууд нислэг үйлдэх боломжтой болсон.
Өнгөрсөн онд БНСУ руу долоо хоногт 12 нислэг үйлддэг байсан бол өнөөдөр 80 нислэг үйлдэж байна.
Орон нутгийн хувьд хоёр аймаг руу нислэг үйлддэг байсан бол одоо 9 аймаг руу нислэг үйлддэг боллоо. Иймээс зам, тээврийн салбарын мэргэжилтэй боловсон хүчнийг тоог нэмэх шаардлага тулгарч байна” хэмээн ярилаа.