“Welcome to Mongolia” арга хэмжээг Япон, БНХАУ, БНСУ-д зохион байгуулж, тус уриан дор Эдийн засгийн форумыг зохион байгуулан, нийт 2,000 гаруй зочин, гадаадын өндөр түвшний 500 гаруй зочин, төлөөлөгчид Монголд иржээ.
Мөн CNN, Financial Times, Washington Post зэрэг 40 гаруй дэлхийн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгслээр манай улсын тухай эерэг мэдээ, нийтлэл гарчээ.
2023 онд 40 гаруй улсын 150 чиглэлд нислэг хийх боломж бүрдсэн төдийгүй долдугаар сарын 1-нээс дотоодын нислэгүүдийг сэргээж эхэлснээс хойш нийт 32,000 хүн тээвэрлэсний ихэнх нь гадаадын жуулчид байна.
Манай улсын аялал жуулчлалын салбарын өнөөгийн байдалд үнэлгээ, дүгнэлт хийх, цаашид аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүнийг тодорхойлоход хамтран ажиллах боломжит, аялал жуулчлалын салбарт нэр хүнд бүхий олон улсын зөвлөх компаниудын талаар судалж, танилцуулахыг Соёлын сайд Ч.Номин, Аялал жуулчлалын мэргэжлийн холбооны ерөнхийлөгч Ц.Баатарсайхан нарт даалгажээ.
Ирсэн жуулчдаа сэтгэл хангалуун буцаах нь цаашид олон жуулчин татах нөхцөлийг бүрдүүлэх тул тэдний эрх ашгийг хангах үйлчилгээ үзүүлэх, санал гомдлыг хүлээн авч, шуурхай шийдвэрлэх утсыг ажиллуулах талаар судлахаар болсон байна.
Орчин үеийн ариун цэврийн байгууламжийг аялал жуулчлалын гол маршрутын дагуу барьж байгуулсан, аялал жуулчлалын иж бүрэн стратегитай байх ёстойг Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хорооны дарга, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хэлэв.
Манай улс одоогийн байдлаар 387,034 жуулчин хүлээн аваад байгаа бөгөөд аравдугаар сар гэхэд 500 мянга орчим жуулчин ирсэн байх төлөвтэй байгаа аж.