Монгол Улсын Ерөнхийлөгчийн аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөх, дэслэгч генерал Ц.Тогоо, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал С.Ганбямба нар үерийн гамшигт өртөөд буй Баянзүрх дүүргийн зарим хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлж буй үерийн гамшгийн хор уршгийг арилгах, сэргээн босголтын ажилтай танилцлаа.
Тэрээр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байгалийн давагдашгүй хүчин зүйлд өртсөн айл өрхүүдийн хашааны хог, лаг шаврыг цэвэрлэж буй Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын харьяа зарим анги нэгтгэлийн удирдах албан тушаалтан, цэргийн алба хаагчидтай уулзаж, ажлын явц байдалтай танилцав.
Дараа нь Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабаар орж гамшгийн хор хохирлыг арилгах, сэргээн босгох чиглэлээр хэрэгжүүлж буй ажиллагаа, уг ажилд оролцож, дэмжлэг үзүүлж буй байгууллага, албан тушаалтнуудын үүрэг, оролцоо, харилцан ажиллагааны талаар мэдээлэл сонссон юм.
ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба үерийн хор уршгийг арилгах, сэргээн босгох ажилд дэмжлэг үзүүлж буй цэргийн алба хаагчдад талархал илэрхийлж, аюулгүй байдлыг чанд сахиж, халдвар хамгааллын дэглэм, хөдөлмөр хамгааллын дүрэм, журмыг чанд сахих, иргэдэд үзүүлэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, уг ажилд оролцож буй жолооч нарын аюулгүй байдлыг хангах талаар онцгой анхаарч ажиллахыг үүрэг болгов.
Энэ өдөр буюу 8 дугаар сарын 7-ны өдөр Зэвсэгт хүчний Хуурай замын болон Агаарын цэргийн командлалын харьяа ангиудаас алба хаагчид үүрэг гүйцэтгэж байгаа юм.
Эх сурвалж: ОБЕГ