АНУ-д хураагдсан Монгол Улсын соёлын өв болох үлэг гүрвэлийн олдворуудыг буцаан авах ёслолын ажиллагаа АНУ-ын Конгрессын номын санд болжээ.
АНУ-ын Засгийн газрын зүгээс манай улсад энэ удаад 6 төрлийн үлэг гүрвэлийн 16 олдворыг хүлээлгэн өгсөн байна. Энэ удаагийн олдворуудын дунд Tyrannosauridae бүлд хамаарах Alioramus үлэг гүрвэлийн яс багтаж байгаа юм.
Энэ нь зөвхөн Монголын нутаг дэвсгэрээс олддог, өмнө нь олдож байсан энэ төрлийн олдворуудаас хамгийн сайн буюу бүтэн хадгалагдсан олдвор тул цаашид шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой, нарийвчлан судлах шаардлагатай олдвор болохыг судлаачид онцолж байна.
Палеонтологийн шинжлэх ухааны үнэт зүйл болох түүхэн олдворуудыг нээн илрүүлэх, үнэн мөнийг тогтоох, улмаар хууль ёсны өмчлөгчид нь шилжүүлэх ажиллагаанд АНУ-ын шүүх, прокурорын газар, Дотоодын аюулгүй байдлын яам, Гааль, хил хамгааллын алба, бусад хууль сахиулах албаныхан оролцдог бөгөөд Монголоос гаралтай үлэг гүрвэлийн олдворуудыг буцаах ажилд Америкийн Монгол судлалын төвийн гүйцэтгэх захирал, Нью-Йорк хот дахь Байгалийн түүхийн музейн судлаач, палеонтологич, доктор М.Болорцэцэг 2012 оноос хойш тасралтгүй хамтран ажиллаж байгаа аж.
Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд АНУ-д хууль бусаар орж ирсэн Монголоос гаралтай палеонтологийн болон түүх, соёлын үнэт зүйлсийг буцаан олгох ажил 2012 оноос эхэлж, Монгол Улс анх удаа АНУ-ын хилээр хууль бусаар хил дамнан худалдаалагдсан үлэг олдворуудыг 2013 онд хүлээн авч байжээ.
Түүнээс хойш 2014, 2016, 2019 онд үлэг гүрвэлийн олдворуудыг хүлээн аваад байв. Энэ удаа ийнхүү 16 олдворыг буцааж авч байна.
Эх сурвалж: Монгол Улсын Гадаад Харилцааны Яам