Сүхбаатар дүүргийн хэмжээнд 2023-2024 оны хичээлийн жилд 4 сургуулийн 1477 суралцагч 3 ээлжээр хичээллэх эрсдэлтэй байна. Өргөтгөсөн ажлын хэсэг өнөөдөр тус дүүрэгт ажиллах үеэрээ сургууль тус бүрээр асуудлыг хэлэлцэж шийдэл гаргалаа.
Ингээд:
– 31, 71 дүгээр сургууль болон 12 дугаар хороонд баригдаж буй 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын ажлыг энэ онд багтаан дуусгах,
– 13 дугаар хороонд баригдаж буй 960 хүүхдийн суудалтай сургуулийн барилгын бохир зайлуулах шугамыг яаралтай шийдвэрлэх,
– “Агар дүнз” ХХК, “Мана- Гал” ХХК-иудтай байгуулсан гэрээг цуцлах хүртэлх арга хэмжээ авах,
– 149 дүгээр цэцэрлэгийн барилгын ажлын гэгээвчний төсвийг судалж, шийдвэрлэхээр боллоо гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.