Орон нутгийн замд хоёр тээврийн хэрэгсэл мөргөлдөж, таван хүн нас баржээ.
Онцгой байдлын мэдээлснээр “Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Өгөөмөр багийн “Далын худаг” гэдэг газар ачааны автомашин, суудлын автомашинтай мөргөлдөж, суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг долдугаар сарын 26-ны 21:26 цагт хүлээн авсан.
Дуудлагын дагуу тус аймгийн Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид очиход Цогтцэций сумаас Улаанбаатар хотын чиглэлд зорчиж явсан иргэн “Ө”-ын ND4250 загварын зүтгүүр, Улаанбаатар хотоос Цогтцэций сумын чиглэлд таван зорчигчтой зорчиж явсан “Акуа” загварын суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас суудлын автомашин шатаж байсныг 12 минут ажиллаж унтраасан байна” гэлээ.
Харин суудлын автомашинд зорчиж явсан таван иргэн нас барсан харамсалтай явдал болжээ.
Иймд иргэд жолоо барьж байх үедээ хурдаа хэтрүүлэхгүй, сонор сэрэмжтэй замын хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлж байна.