Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, РЦНК орчимд барилга барьж буй Цээб ХХК-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлж, шалгуулна хэмээн УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан мэдээллээ.
Тус асуудлаар тэрбээр, РЦНК орчмын асуудал сүүлийн үед газар аваад буй. Тухайн орчмоос сонгогдсон гишүүний хувьд өнгөрсөн хугацаанд ажлын алба, нийслэл, дүүргийн удирдлагуудтай олон удаа газар дээр нь ажиллаж, асуудлыг шийдвэрлүүлнэ гэдгээ оршин суугч, иргэдэд хэлж, холбогдох албан бичгийг шат шатны байгууллагад хүргүүлж байсан.
Тэгвэл өнөөдөр хотын дарга хамгаалалтын ажилтнуудаар хамгаалуулж, барилгын ажлаа эхлүүлээд байсан “ЦЭЭБ” ХХК-ийн үйл ажиллагааг түдгэлзүүлэн шалгаж, хуулийн дагуу арга хэмжээ авах захирамж гаргана гэдгээ мэдэгдлээ.
Нэг хүн, нэг компанийн эрх ашгийн төлөө биш нийтийн эрх ашгийн төлөө шийдвэр гарах болсонд талархалтай байна. Бидэнд бетонон ширэнгэ биш, ногоон байгууламж, ээлтэй орчин хамгийн их хэрэгтэй гэлээ.