Нийслэлээс орж гарч буй тээврийн хэрэгслүүд цахим төлбөрөө төлөхгүй байгаа учраас энэ оны наймдугаар сарын 1-нээс журамд өөрчлөлт орохоор болсон байна.
Тодруулбал олон улс, улсын чанартай авто зам ашигласны төлбөрөө төлөөгүй бол оношилгоонд оруулахгүй, авто машины нэр шилжүүлэхгүй зэрэг арга хэмжээ авахаар болсныг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ.
Нийслэл орчмын шалган нэвтрүүлэх товчоодын төлбөр, хураамж авах явцыг хурдан шуурхай байлгах үүднээс цахимжуулсан.
Цахимаар төлбөрөө төлдөг болсноор товчоогоор орж, гарахад урт дараалал, түгжрэл үүсгэхгүйгээр дараа төлбөрт байдлаар төлөх боломжтой болсон юм.
Тэгвэл уг цахим төлөлт өнөөдрийн байдлаар маш бага буюу 11 хувьтай байгаа учир дээрх арга хэмжээг авч ажиллахаар болсон байна.