Нийслэлд энэ сарын 22-23-ны өдрүүдэд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас нийт 55 дэд өртөө, 15,052 хэрэглэгчийг болзошгүй эрсдэлээс сэргийлж, хүчдэлээс тасалсан.
Өнөөдрийн 14:00 цагийн байдлаар дээрх хэрэглэгчдээс 14,331-ийнх нь хэрэглээг сэргээсэн байна.
Энэ цагийн байдлаар хүчдэл сэргээх боломжгүй эрсдэлтэй буюу зоорийн давхарт нь ус орсон, цахилгааны щит усанд автсан байруудын усыг соруулж дууссаны дараа залгах боломжтой орон сууцны 14 байрны 721 хэрэглэгч байна. Эдгээрт
- Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороонд нэг,
- Баянзүрх дүүргийн 43 дугаар хороонд хоёр, 6 дугаар хороонд нэг,
- Хан-Уул дүүргийн 3, 11, 19, 20 дугаар хороонд тав,
- Баянгол дүүргийн 3, 5 дугаар хороонд тус бүр таван байр байна.
Өнөөдөр тус компаниас Баянгол дүүргийн спорт цогцолбор, Баянзүрх дүүргийн 29 дүгээр хорооны байр, 43 дугаар хорооны 76 дугаар байр, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Рапид харш хотхоны 23, 24, 26 байрууд, 3 дугаар хорооны 45В байрны нийт 804 хэрэглэгчийн хэрэглээг сэргээжээ.
Үлдсэн байршлуудад усаа шавхаж дуусвал цахилгаан эрчим хүчинд холбоход бэлэн байдлыг ханган ажиллаж байна хэмээн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас мэдээлэв.