Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Хэнтий аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав нар өчигдөр Япон Улсын Засгийн газрын “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж”-ийн хөтөлбөрийн хүрээнд хэрэгжих төслийн гэрээнд гарын үсэг зурав.
“Хэнтий аймгийн Батширээт сумын Эрүүл мэндийн төвийн засварын төсөл”-ийн хүрээнд Хэнтий аймгийн Батширээт сумын Эрүүл мэндийн төвийн А байранд их засварын ажил хийгдэх юм.
Тус байр нь дээврээс байнга дусаал гоождог тул тааз болон дотор хананы будаг холцорч хуурч, усны хаяалга суурилуулаагүйн улмаас гадна хана болон цонх ихээр элэгдэлд оржээ. Мөн бохирын шугам нь бөглөрдөг, халаалтын шугамын радиатор нь хагарч ус гоожсон байдалтай байгаа нь тус эмнэлгийн амбулаториор нэг жилд үйлчлүүлдэг 10,000 орчим иргэн, хэвтэн эмчлүүлдэг 400 гаруй иргэний эрүүл мэнд, эрүүл ахуйд ихээхэн хүндрэл учруулж байгаа юм.
Энэ удаагийн төсөл хэрэгжсэнээр эдгээр асуудал шийдэгдэж, тус эмнэлгийн эмч, ажилчид болон тус эмнэлгээр үйлчлүүлэгч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд эмчлүүлж, сувилуулах нөхцөл боломж бүрдэнэ.
Япон Улсын Засгийн газар нь Монгол Улсад 1990 оноос өнөөдрийг хүртэл 33 жилийн турш “Өвсний үндэс – Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламж” хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Энэ удаагийн төсөл нь Монгол Улсад хэрэгжих Өвсний үндэс буцалтгүй тусламжийн 595 дахь, Хэнтий аймагт хэрэгжих 21 дэх, Батширээт суманд хэрэгжих анхны төсөл болж байна.
Энэ удаад батлагдсан төслийн санхүүжилтийн дээд хязгаар нь 121,521 ам.доллар буюу ойролцоогоор 421,440,907 төгрөг хэмээн Япон улсын Элчин сайдын яамнаас мэдээллээ.