Ази, Номхон далайн мөнгө угаахтай тэмцэх бүлэг (АНДМУТБ)-ийн 26 дахь удаагийн чуулга уулзалт энэ сарын 09-14-ний өдрүүдэд Канадын Ванкувер хотноо боллоо. Чуулга уулзалтад Монгол Улсын 6 дахь удаагийн явцын тайланг хэлэлцүүлж, хамгаалах багийг Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд Б.Солонгоо ахалж, Санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга Н.Хүдэрчулуун, Хууль зүй, дотоод хэргийн яам, Монголбанк, Санхүүгийн мэдээллийн алба, Улсын ерөнхий прокурорын газар, Татварын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газрын төлөөлөл оролцлоо.
Сүүлийн жилүүдэд Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр Санхүүгийн хориг арга хэмжээ авах байгууллага (ФАТФ)-ын зөвлөмж, стандартын хэрэгжилтийг сайжруулах, олон улсын түвшинд үзүүлж буй ахиц, дэвшлийг нэмэгдүүлэх арга хэмжээг тасралтгүй авч хэрэгжүүлсний үр дүнд ФАТФ-ын техникийн 40 зөвлөмжөөс 39-ийг “бүрэн хэрэгжсэн” болон “дийлэнх хэрэгжсэн” гэж үнэлсэн. Харин “хагас хэрэгжсэн” үнэлгээтэй үлдсэн Ашгийн бус байгууллагыг ашиглахтай холбоотой Зөвлөмж 8-ын үнэлгээг ахиулах чиглэлээр төрийн холбогдох байгууллагуудаас шаардлагатай арга хэмжээг авч, энэ удаагийн явцын тайлангаар дээрх үнэлгээг ахиулах хүсэлтийг хүргүүлээд байсан юм.
АНДМУТБ-ийн энэхүү чуулга уулзалтаар Монгол Улсын 6 дахь удаагийн явцын тайланг нийт гишүүдийн дунд хэлэлцүүлэн баталж, Монгол Улсын Зөвлөмж 8-ийн хэрэгжилтийг “бүрэн хэрэгжсэн” болгож 2 шатаар ахиуллаа. Ингэснээр Монгол Улс Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд ФАТФ-ын техникийн 40 зөвлөмжийг “бүрэн хэрэгжсэн” болон “дийлэнх хэрэгжсэн” гэж үнэлэгдсэн, үүнд виртуал хөрөнгийн салбартай холбоотойгоор шинэчлэгдсэн “Шинэ технологи” буюу Зөвлөмж 15-ийн хэрэгжилтийг хангалттай үнэлүүлсэн анхны орон болж байгааг АНДМУТБ-ийн удирдлагуудаас онцолж, тусгайлан баяр хүргэлээ.
Монгол Улсын хувьд ФАТФ-ын 40 Зөвлөмжийг бүрэн хангасан үнэлгээ авсан нь Монгол Улс мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тогтолцоо болоод эрх зүйн орчныг бий болгож, зохицуулалтыг боловсронгуй болгосныг олон улсаас баталгаажуулж буй явдал бөгөөд уг хуралдаанд оролцсон гишүүн болон ажиглагч орнуудын төлөөлөгчид, ФАТФ, АНДМУТБ-ийн нарийн бичгийн дарга нарын зүгээс Монгол Улсын гаргасан амжилтыг онцолж, мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээнд томоохон ахиц дэвшил гарч буйг тэмдэглэлээ.
Эх сурвалж: Санхүүгийн зохицуулах хороо