Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн урилгаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др. Тедрос А.Гебрейесус манай улсад 2023 оны долоодугаар сарын 10-11-ний өдрүүдэд айлчилна.
Тэрбээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нарт бараалхаж, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг нартай хоёр талын уулзалт хийхийн зэрэгцээ эрүүл мэндийн салбарын ажилтнуудын төлөөлөлтэй уулзахаар төлөвлөж байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Ерөнхий захирал Др.Тедрос А.Гебрейесус Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бэлгэдсэн үндэсний уламжлалт баяр “Үндэсний их баяр наадам”-ыг үзэж сонирхоно.
Энэхүү айлчлал нь Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, манай улсын хүн амын эрүүл мэндийг хамгаалах бодлого, зорилтууд, дэвшүүлсэн санал санаачилгуудын хэрэгжилтийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тэргүүн Монгол Улсад өмнө нь 3 удаа айлчилсан бөгөөд хамгийн сүүлд Ерөнхий захирал Маргарет Чан 2013 онд айлчилж байв.