Монгол Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Л.Өлзийсайхан өчигдөр манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн дарга, ноён Ом Бирлагийн айлчлалын бүрэлдэхүүнд ажиллаж байгаа тус танхимын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Утпал Кумар Сингх-тэй уулзлаа.
Ерөнхий нарийн бичгийн дарга нар өнөөдөр Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Парламентын доод танхим Лок Сабха-гийн Тамгын газар хоорондын Хамтын ажиллагааны протоколд гарын үсэг зурсан юм. Энэ нь уг протоколыг 15 жилийн дараа шинэчлэн байгуулж буй түүхэн үйл явдал болж байна.
Энэ талаар Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Л.Өлзийсайхан онцлон тэмдэглээд, энэ удаагийн айлчлал хоёр улсын ард түмнүүдийн уламжлалт, найрсаг харилцааг баяжуулж, парламент болон Тамгын газар хоорондын харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгт итгэлтэй байна гэлээ. Мөн тэрбээр, 10 жилийн өмнө Лок Сабха-гийн Тамгын газарт хуулийн төсөл боловсруулах чиглэлээр суралцаж байснаа дурсаж, тэрхүү сургалтаас олсон туршлагаараа Улсын Их Хурлын хуульчид болон төрийн захиргааны байгууллагын хуулийн мэргэжилтнүүдэд сургалт явуулж эхэлснээ танилцуулав. Цаашид хамтын ажиллагаагаа энэ чиглэлээр болон цахим парламентыг хөгжүүлэх, иргэд, олон нийтийн парламентын боловсролыг дээшлүүлэх, Улсын Их Хурлын гишүүд, Тамгын газрын ажилтнуудыг чадавхжуулахад чиглүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.
Ноён Утпал Кумар Сингх үзэсгэлэнт Монгол нутагт зочилж буйдаа баяртай байгаагаа илэрхийлж, шинэчлэн байгуулсан протоколоор хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны таатай нөхцлийг бүрдүүлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ. Тэрбээр, Лок Сабха-гийн Тамгын газар парламентын үйл ажиллагааг иргэдэд нээлттэй, ил тод, цахим болгох чиглэлээр хэрхэн ажилладаг талаар танилцуулж, техник, технологийн дэвшлийг өргөн ашигласан Парламентын ордныг шинээр барьж нээсэн талаар дурдан, тус ордонд зочлохыг урив гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.