Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Баянхошуу дэд төвд есөн давхар бүхий хоёр блок, нийт 126 айлыг түр суурьшуулах зориулалтын орон сууц ашиглалтад оржээ.
Энэхүү орон сууц нь стандартын дагуу явган хүний болон авто зам, машины зогсоол, хүүхдийн тоглоомын талбайтай бөгөөд ус, дулаан хангамж нь Баянхошуу дэд төвийн дэд бүтэцтэй бүрэн холбогдсон байна.
Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар:
-Нийслэлд хэрэгжиж буй зургаан дэд төвийн төслийг түшиглэн бүтээн байгуулалтын ажлууд шат дараатайгаар өрнөж буй. Бүтээн байгуулалт нь бүрэн дууссан Баянхошуу болон Сэлбэ дэд төвд нийт 250 өрхийн орон сууц, инженерийн шугам сүлжээ, нийгмийн барилга байгууламж, авто замыг ашиглалтад орууллаа.
2024 он гэхэд Баянхошуу, Шархад дэд төвүүдийг түшиглэн 196 нэгж талбарын 11.1 га газарт төслийн нэгдүгээр үе шатны 750 өрхийн ногоон орон сууцыг ашиглалтад оруулна. Ингэснээр түр суурьшуулах болон түрээслээд өмчлөх орон сууцны сан 750 орон сууцаар нэмэгдэх юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Барилга, хот байгуулалт хариуцсан зөвлөх Б.Сүхбаатар:
-Төрийн оролцоогүйгээс үүдэн дахин төлөвлөлтөд өртөж буй айлууд газраа зараад явчихдаг, түүн дээр нь аж ахуйн нэгжүүд сургууль, цэцэрлэг, эмнэлэг барих боломжгүйгээр төлөвлөлт хийдэг байв. Энэ алдааг засахын тулд Нийслэлийн Орон сууцны бодлогын газар, Нийслэлийн Орон сууцны корпорац /НОСК/ ХК хамтран дахин төлөвлөлт гарган, түүний дагуу барилгажуулах бодлого баримталж байна.
Тухайлбал газар чөлөөлөх ажлыг НОСК хариуцан аж ахуйн нэгжүүдэд хүлээлгэн өгч, барилга барих үйл явцад нь хяналт тавих юм. Мөн орон сууцжуулах хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэд хоорондоо нэгдэн чөлөөлөх хүсэлтээ өгснөөр хөтөлбөр хэрэгжинэ. Өөрөөр хэлбэл, иргэдийн оролцоог хангаснаар газар чөлөөлөлтийн явц хурдасна гэж үзэж буй.
Нийслэлийн Орон сууцны корпорац ХК-ийн гүйцэтгэх захирал М.Говьсайхан:
-Түр суурьшуулах орон сууцанд хамрагдах иргэдийг Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын дагуу сонгон шалгаруулна. Энэ дагуу Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороонд газар чөлөөлөлтөд өртөж байгаа иргэдийг хамруулахаар төлөвлөж байна.
Дахин төлөвлөлтийн байршлын хүрээнд бид 10 мянган айлын орон сууц барихаар төлөвлөж байгаа. Энэ төлөвлөлтөд хамрагдсан иргэд түр суурьшуулах орон сууцанд байрлан, орон сууц нь ашиглалтад орох үед шилжин суух зарчмаар явах юм. Цаашид энэ зарчмаар түр оршин суух орон сууцнууд барин газар чөлөөлөлтийн ажлыг өрнүүлнэ гэсэн юм.
Энэ орон сууцны айл бүрд гал тогооны тавилга угсарч, дагалдуулан өгч байгаа аж.
Дээрх зургаан дэд төвийг түшиглэн нийт 31 мянган айлын ногоон орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж буй. Үүний эхлэл болгон Баянхошуу дэд төвд орлогод нийцсэн, 330 айлын ногоон орон сууцны шавыг тавив
Төслийн хүрээнд 110 айлын дөрвөн блок, олон улсын стандартад нийцсэн орон сууцыг 1.6 га талбайд барих юм.
Нийслэлийн Орон сууцны бодлогын газрын дарга Г.Ганхүү:
-Ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн энэхүү орон сууц нь олон улсын ногоон барилгын үнэлгээний систем болох “EDGE” стандартыг нэвтрүүлсэн гэдгээрээ онцлог. Тодруулбал, ногоон орон сууц нь дулаан алдагдал багатай, ус ашиглалтыг 20 хувь, эрчим хүчний хэрэглээг 20 хувь бууруулсан хэмээлээ.
Баянхошуу дэд төв нь нийт 162 га буюу Сонгинохайрхан дүүргийн зургаан хорооны нутаг дэвсгэрийг хамарч байгаа бөгөөд одоогоор 2,200 орчим өрхийн 8,500 иргэн амьдарч буй. Цаашид дахин төлөвлөлтөөр 6,500 орчим айлын орон сууц барьж, 53 мянган иргэн амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ.
Тус дэд төвийн бүтээн байгуулалтын хүрээнд нийт 5.6 га талбайг чөлөөлж, ногоон орон сууцны төслийг хэрэгжүүлэх юм. Дахин төлөвлөлттэй холбоотойгоор өнгөрсөн хугацаанд нийт 250 орчим түр суурьшуулах орон сууцыг ашиглалтад оруулжээ.
Эх сурвалж: НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС