Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ.
Энэ төсөлд цахилгаан эрчим хүчний 5 мегаваттаас дээш хүчин чадалтай, эсхүл дулааны эрчим хүчний 1.5 мегаваттаас дээш хүчин чадалтай эх үүсвэрийн үндсэн болон туслах тоног төхөөрөмж үйлдвэрлэх үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг хөнгөлөх талаар тусгажээ.
90 хувийн хөнгөлөлт үзүүлэх энэ хуулийг 2029 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мөрдөнө. Эрчим хүчний салбарт нүүрсний эх үүсвэрийн төсөл хэрэгжүүлэхэд Уур амьсгалын өөрчлөлтийн тухай 2015 оны Парисын хэлэлцээрээс хойш олон улсын банк, санхүүгийн байгууллагуудын санхүүжилт хумигдаж эхэлжээ.
Мөн 2021 оны есдүгээр сард НҮБ-ын ерөнхий ассамблейн 76 дугаар чуулганд БНХАУ-ын дарга “…Бид хилийн чанадад нэмж нүүрсний эрчим хүчний шинэ эх үүсвэр барихгүй…” гэж амласан нь төслүүдийн санхүүжилтийг шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлж байна.
Үйл ажиллагааны орлогод ногдох албан татварыг 90 хувь хөнгөлнө.
Эрчим хүчний эх үүсвэр, дамжуулах, түгээх шугам сүлжээг шинээр барьж, хүчин чадлыг өргөтгөн, эрчим хүчний үйлдвэрлэл, хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлнэ гэж заасан зорилтыг хангахад дотоодын эрчим хүчний үндсэн болон туслах тоноглол үйлдвэрлэгч компаниуд чухал үүрэгтэй.
Гэвч сүүлийн жилүүдэд томоохон хөтөлбөрүүдийн хэрэгжилт удааширсан, төрийн өмчит компаниудын их урсгал засварын тоо, хэмжээ хөрөнгийн дутагдлаас шалтгаалан цөөрсөн. Иймд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг дотоодын үйлдвэрлэгч, засвар үйлчилгээний компаниудын үйл ажиллагаа доголдож байна. Энэ нь эрчим хүчний оргил ачааллын үед бэлтгэл тоноглолгүй, аваарын байдалд ажиллах нөхцөл болж байна.
Иймд импортын тоног төхөөрөмжийг гаалийн албан татвараас чөлөөлөхийн зэрэгцээ эрчим хүчний тоног төхөөрөмж үйлдвэрлэгч дотоодын компаниудыг дэмжинэ. Импорт орлох, эрчим хүчний үндсэн болон туслах тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг бүрдүүлэх эрх зүйн орчныг шинээр бий болгох зайлшгүй шаардлагатай.
Импорт орлох, эрчим хүчний үндсэн болон туслах тоног төхөөрөмжийг дотооддоо үйлдвэрлэх боломжийг бүрдүүлнэ.
Энэ төсөл батлагдсанаар шинээр барих дулааны цахилгаан, дулааны станцууд, өргөтгөлийн төслүүдэд дотоодын эрчим хүчний тоноглол үйлдвэрлэгч компаниудын оролцоо нэмэгдэж, салбарын хэмжээнд өвлийн бэлтгэл хангаж, хэрэглэгчдийг эрчим хүчээр тасралтгүй, найдвартай хангана.
Нүүрсээр ажиллах станцын хүчин чадал нэмэгдсэнээр системийн найдвартай, тогтвортой үйл ажиллагаа сайжирч, холбогдохоор хүлээж буй дулаан, цахилгааны хэрэглэгчдийг эрчим хүчинд холбоно. 2024 онд
Оргил ачааллын зохицуулалт хийх зориулалттай цэнэг хураагуурын станц 200 МВт.ц,
Амгалан дулааны станц 116 МВт,
Чойбалсангийн дулааны цахилгаан станц 50МВт ашиглалтад орно.
2026 оноос том хүчин чадлын станцуудын эхний блокуудыг /Бөөрөлжүүт 150 МВт, Тавантолгой 150 МВт/ ашиглалтад оруулна. Эдгээрийг ашиглалтад орох хүртэл импортын эрчим хүчийг боломжит дээд хэмжээнд хүртэл ашиглана. 2026 оноос дотоодын эрчим хүчний үйлдвэрлэл нэмэгдэж, импортын эрчим хүч буурна.
2030 оноос дотоодын эрчим хүчний эх үүсвэрийн суурилагдсан хүчин чадал хоёр дахин нэмэгдэж, 3000 МВт-д хүрч, эрчим хүчний салбар эдийн засгийг дэмжигч салбар болно. Системд тогтвортой үйл ажиллагаатай, том чадлын станцууд ашиглалтад орсноор нар салхины сэргээгдэх эрчим хүчний, шинэ эх үүсвэрүүдийг холбох боломж бүрдэж, эх үүсвэрийн бүтэц оновчтой болно.
Хуулийн төсөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээнд нийцсэн, Хууль тогтоомжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжтой уялдсан болно гэж хууль санаачлагч буюу Эрчим хүчний яамнаас мэдээлэв.