Төв аймгийн Лүн сумын нутагт долдугаар сарын 1-ний 17:00 цагийн үед үер буусан талаар өмнө нь мэдээлсэн.
Үерийн ус дөрвөн газраар зам давж орсон бөгөөд гурван айлын гэр нурж, зарим айлын хашаа эвдэрсэн. Азаар хүний амь нас эрсэдсэн тохиолдол гаргаагүй. Гэхдээ жил болгоны үерийн улмаас Лүн сумын иргэд асар их эд материалын хохирол амсаж байгааг Төв аймгийн Лүн сумын Засаг дарга С.Даваахүү хэллээ.
Түүнээс нөхцөл байдлыг тодруулахад “Энэ асуудал жил болгон давтагддаг. Өөрөөр хэлбэл манай нутагт хоёр жилийн давтамжтайгаар үер бууж байна.
2017 оны долдугаар сар
2019 оны зургаадугаар сар
2021 онд наймдугаар сар
2023 онд долдугаар сарын 1-нд үер бууж, айл өрхүүд хохирч үлддэг асуудал бий.
Заримдаа үер жил дараалан буухыг ч үгүйсгэхгүй. Иймээс эрсдэлийг тооцож, эхний ээлжид сумын төвийн айлуудыг хохироохгүй байх үүднээс арга хэмжээ авах нь чухал. Байгалийн гамшигт үзэгдэл, гэнэтийн осол хэлж ирэхгүй” гэв.
Үргэлжлүүлэн “Иргэдийн эд хөрөнгө, амь насыг хамгаалахын тулд инженерийн хийцтэй, үерийн ус зайлуулах далангийн зураг төслийг өнгөрсөн онд хийлгэсэн байдаг. Энэхүү зураг төсөл 4.8 тэрбум төгрөгийн өртөгтэй.
Сангийн Яаманд 3.8 километр урттай, таван салаа үерийн далангийн зураг төсөл байгаа. Үүнийг 2024 онд улсын төсөвт оруулж, нэн тэргүүнд шийдвэрлэх шаардлагатай байна.
Манай сумын төвд 1,000 гаруй хүн ам амьдардаг. Сая буусан үерийн улмаас хэчнээн айл өрх хохирсон талаарх мэдээллийг ААН-үүд болон иргэдээс цуглуулж байна” хэмээн хэллээ.
Харин замын эвдрэлийн талаар Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамираас тодруулахад “Долдугаар сарын 1-нд Лүн сумын сумын нутагт үер буусан. Тухайн үед бид Лүн сумын байнгын ажиллагаатай товчооны албан хаагчидтай холбогдсон.
Зам эвдрээгүй, зорчих хэсэг чөлөөтэй, хэвийн үргэлжилж байгаа. Зорчих хэсгийн дээгүүр урссан үерийн улмаас шавар шавхай, зам бохирдсоныг цэвэрлүүлж байна. Одоогоор хөдөлгөөн хэвийн үргэлжил байгаа хэмээн мэдээлэл өгсөн” гэв.