Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын ёслолын онцлог юу байх вэ
Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 817 жил, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ойн Үндэсний их баяр наадам “Эв мөнхийн тусгаар Монгол” нэрийн дор зохион байгуулагдаж байгаа билээ.
Эвийн хүчээр мөнхөд тусгаар Монгол Улс оршихыг бэлгэдэж ийнхүү нэрлэсэн ба өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн намтар түүхийн гайхамшиг, Монголчуудын үнэт өв, нэгдмэл оюун санаа, эв нэгдэл, эрх чөлөө, түүхэн хөгжлийг орчин цагийн урлагийн бүхий л хэлбэрээр дамжуулан нийт 6 бүлгийн хүрээнд бүтээлчээр илэрхийлэн үзүүлэх юм.
Энэ жилийн нээлтийн үйл ажиллагааны онцлогоос дурдвал:
● Орчин үеийн технологийн шийдлийг ашиглан шаардлагатай бүхий л мэдээлэл, тусламж, үйлчилгээг авах боломжтой баяр наадмын виртуал хөтөч
● Бодит орчинд хийсвэр элементүүдийг нэмж харуулдаг AR технологийн тусламжтайгаар наадмын нээлтийн шууд дамжуулалтыг шинэлэг байдлаар үзэх боломж
● Монгол түмний сүр, хүч, хийморь, зоригийг бадраах эрчит 120 морьтны үзүүлбэр
● Бүжгийн урлагийн бүх төрлүүдийг багтаасан сонирхолтой, шинэлэг бүжгийн найруулга
● Шинэ залуу уран бүтээлчдийн үзүүлбэрүүдийг багтааж үе үеийн үзэгч, наадамчдад сонирхолтой, хүртээмжтэй байхыг зорин ажиллаж байна.