Өнгөрсөн сарын 30-ны өдрөөс эхлэн АНУ-д зочлох цагаачлалын бус визийн хураамж 160 ам.доллароос 185 ам.доллар болжээ. Өргөдөлд тулгуурласан (H, L, O, P, Q, болон R) визийн хураамж 190 ам.доллароос 205 ам.доллар болж нэмэгдсэн байна.
Түүнчлэн, Е визийн мэдүүлгийн хураамж 205 ам.доллароос 315 ам.доллар болжээ. Энэ өөрчлөлт хүчин төгөлдөр болох өдрөөс өмнө визийн хураамжаа төлсөн, хүчинтэй хугацаа нь дуусаагүй төлбөрийн баримттай виз мэдүүлэгчид ярилцлагын цаг товлохын тулд нэмэлт хураамж төлөх шаардлагагүй.
Ярилцлагад орсон, визийн мэдүүлгийг нь хянан шалгаж буй виз мэдүүлэгчид нэмэлт хураамж мөн төлөх шаардлагагүй. АНУ-ын Элчин сайдын яам олон улсын зорчигчдыг АНУ-д аялах боломжоор хангахын тулд визийн үйлчилгээгээ сайжруулахыг байнга эрмэлздэг ба виз мэдүүлэх хураамжийг тухайн үйлчилгээг үзүүлэх зардалд үндэслэн тооцдог гэж тус ЭСЯ-наас мэдээлэв.