Дүүжин гүүртэй дөрвөн аймагт шалгалт хийнэ
Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Дархан гэхчлэн нутагт орших, байгалийн өвөрмөц тогтоц бүхий уул, хавцал дээгүүр өнгөрсөн жилээс эхлэн дүүжин гүүр барих нь ихэссэн. Ингэхдээ хувийн хэвшил сум, орон нутгаас хамааралгүй өөрийн хөрөнгөөр барьдаг бөгөөд нэг талаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, нөгөө талдаа бизнесийн үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлж байгаа нь энэ. Гэхдээ эрсдэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа учраас хүн зорчих аюулгүй байдлыг бүрэн хангах ёстойг иргэд анхааруулж байна.
Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд экстрем аяллыг хөгжүүлэх энэ ажлыг одоогоор Хөвсгөл, Сэлэнгэ, Архангай, Дархан зэрэг аймгууд хийгээд байгаа юм. Үнийн хувьд 15-30 мянган төгрөг.
Дүүжин гүүрийг барих зориулалтын стандарт гэж байхгүй ч аюулгүй байдлын хэд хэдэн зүйлсийг харгалзах ёстой. Мөн тухайн орон нутаг, сумаас зөвшөөрөл авч, үйл ажиллагаа явуулах ёстой аж. Учир нь дүүжин гүүр нь экстрем аялал учир байгалийн тогтоц, өндөрлөг газар чухал. Энэ бүхэн хүний амь настай холбоотой учир тухайн бүс эрсдэлгүй гэдгийг баталж, орон нутгаас заавал зөвшөөрөл авах ёстой байна.
СУМ ОРОН НУТАГТ АЖЛЫН БАЙРУУДЫГ БИЙ БОЛГОЖ БАЙНА
Нэг дүүжин гүүрний хэсэгт аюулгүйн техникч болон бусад ажилчдыг оролцуулаад 5-10 хүн ажилладаг байна. Энэ нь нэг талаар орон нутагт ажлын байруудыг бий болгож, аялал жуулчлалыг хөгжүүлж байгаа хэлбэр юм.
Мөн дүүжин гүүрийн бэхэлгээг тогтмол шалгах ёстой бөгөөд тросс, олс, зам татах, байршуулах багана бүхий тулгуур бие зэргийг өдөр тутам хяналтын ажилтантай байх ёстой.
Энэ бүхнээс харгалзаж үзвэл орон нутагт иргэд, аж ахуй нэгж өөрсдөө аялал жуулчлалыг татах боломжийг бүрдүүлж эхлээд байна.
АЮУЛГҮЙ БАЙДАЛ АЛДАГДСАН ТОХИОЛДОЛД АЙМГААС ҮЙЛ АЖИЛЛАГААГ НЬ ЗОГСООНО
Өнгөрсөн жил Архангай аймгийн нутагт орших, байгалийн өвөрмөц тогтоц бүхий Чулуутын хавцал дээгүүр өнгөрсөн зургадугаар сараас дүүжин гүүр барьж эхэлсэн. Аялал жуулчлалыг хөгжүүлэх хүрээнд экстрем аяллыг хөгжүүлэх энэ ажлыг 2017 оноос хойш ярьсан байдаг. Тодруулбал, 2017 онд тухайн үеийн аймгийн Засаг дарга Чулуутын хавтал дээгүүр шилэн гүүр барих ажлыг ярьж, ажлын гүйцэтгэлийг “Шилмэл шил” ХХК гүйцэтгэнэ гэж байсан ч санхүүжилтээс болоод гацсан. Тэгвэл уг шилэн гүүрний бүтээн байгуулалт дүүжин гүүрээр солигдож өнгөрсөн зун ажил нь эхэлсэн юм.
Харамсалтай нь дүүжин гүүрний ажлын явц баяр наадамтай холбоотой түр зогсч, тэрхүү дутуу барьсан зургийг нь цахим хуудаст иргэд нийтэлж, аюулгүй байдлыг хангаагүй тус бүтээн байгуулалтыг бүрэн зогсоосон.
Архангай аймгийн Чулуутын хавцал дээгүүр 2017 онд 150 метр урттай шилэн гүүрийг барьж, 2018 оны Үндэсний баяр наадмаас өмнө ашиглалтад оруулахаар төлөвлөж байсан. Тухайн үед шилэн гүүр ашиглалтад ороогүй, бүтээн байгуулалтын ажил эхлээгүй шалтгааныг аймгийн төсөвтэй холбож байв. Тус дүүжин гүүрний санхүүжилтийг аймаг, сумаас санхүүжүүлээгүй бөгөөд иргэдийн амь насанд эрсдэл учруулж болзошгүй ажлыг албадан зогсоосон юм. Энэ мэт бүтээн байгуулалт аюулгүй байдлыг хангаагүй тохиолдолд аймгаас албадан зогсоох зөвшөөрөлтэй байна. Тиймээс дүүжин гүүртэй аймгууд хяналт шалгалтын баг гаргаж тусгай бүсэд үйл ажиллагаа явуулж буй дүүжин гүүрүүдийг шалгахаар төлөвлөж буй аж.