Засгийн газраас хэрэгжүүлж буй 5Ш ажиллагааны нэг “Шувуу”-ны хүрээнд эрүүгийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан Жамъянгаравын Отгонбаатарыг Турк улсад амьдарч буйг тогтоож, өчигдөр эх оронд нь авчирлаа. Улмаар ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон байна. Энэ оны гуравдугаар сард Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар гадаад руу оргон зайлж, эрэн сурвалжлагдаж байгаа хүмүүсийн нэрсийг зарлахад Ж.Отгонбаатар жагсаалтын 16 дугаарт бичигдсэн байсан юм.

Түүнийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны гуравдугаар сарын 27-ны 535 дугаартай захирамжаар эрэн сурвалжилж эхэлсэн аж. ЭЦА-ны Эрэн сурвалжлах хэлтсийн ажилтнууд Ж.Отгонбаатарыг хаана байгааг тогтоох мөрдөн шалгах ажиллагаа явуулж Туркт амьдарч буйг тогтоосон аж. Улмаар Бүгд Найрамдах Турк Улсын Дотоод хэргийн яамны Цагаачлалын албанд хандсанаар хууль сахиулагчид нь тус албаны харьяа “Кожа-Элийн” албадан буцаах төвд саатуулсан гэнэ.

ЭЦА-ны Эрэн сурвалжлах хэлтсийн ажилтнууд Ж.Отгонбаатарыг энэ сарын 25-нд тус улсын Цагаачлалын албаныхнаас хүлээн авч, зургаадугаар сарын 26-нд Монгол Улсад хуяглан авчирсан байна. Ж.Отгонбаатар нь бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, хүч хэрэглэн бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн үндэслэлээр Эрүүгийн хуулийн 20.16-1, 11.4-2.1, 17.2-2 дахь заалтын дагуу яллагдагчаар татагдсан нэгэн. Тэр Бээр гурван залуугийн хамтаар 2017 онд Баянгол дүүргийн нутагт дээрх гэмт хэргүүдийг үйлдээд шүүхээр гэм буруутай, эсэхийг нь дэнслэхээр болсон үед буюу 2019 онд оргон, гадаад руу явсан байж.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн