Төв аймгийн ууган зургаан сумын нэг Баяндэлгэр сум үүсэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадмын нээлт, хаалтын ёслолыг “Монгол туургатан” театрын Ерөнхий найруулагч Ц.Батнайрамдал найруулахаар ажиллаж байна.
Тэр Бээр тус сумын унаган хүү бөгөөд олон арван жүжиг, ёслол хүндэтгэлийн арга хэмжээ, тоглолт зохион байгуулж, найруулж байсан туршлагатай. Дурдвал, 2014-2018 он хүртэл дөрвөн жил дараалан Үндэсний их баяр наадмын хүрээнд Хүй долоон худагт Соёлын наадмыг найруулсан, 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Холливуд Монголд” төслийн ерөнхий найруулагчаар ажиллаж байжээ.
Түүнчлэн Монгол Улсын Засгийн газрын захиалгаар “Legend” төслийн ерөнхий найруулагчаар 2019 онд ажиллаж байсан бол 2018 онд Монгол төрийн их баяр наадмын хүндэтгэлийн концертыг найруулж байсан юм.
Улмаар аймаг, нийслэл, сумын ой, Хүүхдийн спортын наадам, “Нийслэлийн мөнгөн шөнө” зэрэг томоохон арга хэмжээнүүдийг найруулсан туршлагатай. Тэр Бээр 1994 оноос эхлэн өнөөг хүртэл хувь уран бүтээлчдийн болон улсын чанартай 100 гаруй уран бүтээлийг найруулан тавиад байна.
Баяндэлгэр сум үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баяр наадмаар тус суманд төрсөн Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгч, Их зохиолч Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” дуурийг анх удаа задгай талбайд тавих аж.
Сонирхуулахад, Баяндэлгэр сум нь анх Дархан хошой чин ван Пунцагцэрэнгийн хошуунд 1923 онд Гүн сум нэртэйгээр, 1924 онд Баяндэлгэр уулын сум, 1931 оноос Баяндэлгэр сум хэмээн нэрлэгдэх болсон байдаг.