БОАЖЯ-наас өнөөдөр хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Буйр нуурын мөнгөлөг хэлтэг загас ихээр өвчилж хорогдсон байгааг мэдээллээ.
“Буйр нуурт умард туйлын цэнгэг усны, сэрүүн бүсийн уулархаг ба тал газрын 10 овгийн 32 төрлийн 39 зүйл загас амьдардаг.
Эдгээр загаснаас зөвхөн мөнгөлөг хэлтэг загас ихээр өвчилж хорогдсон байгаа нь тухайн зүйлд дагнан тархах өвчлөл байх магадлал өндөр байна. Өвчилсөн загасны амны орчимд идээт цэврүү гарсан, заламгайн ар талд улайлт цэврүү үүссэн, идээт цэврүү, улаан толбо, биеийн гадаргууд хайрс хооронд улаан толбо үүсжээ.
Нуурын хорогдсон загас ихээр гарсан хэсгээс буюу “Долоон-Од” амралт болон Онцгой байдлын амралт орчмын ус хөрснөөс микробиологийн дээж авахад 1 грамм хөрсний дээжид бичил биетний ерөнхий тоо зөвшөөрөгдөх хязгаараас хэтэрсэн, гэдэсний бүлгийн савханцар /E.coli/ өвчин үүсгэгч /Salmonella Shigella/ Staphylococcus aereus илэрсэн учраас бохирдол ихтэй байна гэсэн урьдчилсан дүгнэлт гарсан.
Цаашид шинжилгээний эцсийн хариу гартал тандалт хийх, үхсэн, устгасан загасыг бүртгэх, дээж авах, шинжилгээг үргэлжлүүлэх, нуурын усан дахь микробиологийн бохирдол их байгаа тул уух, усанд орохыг хориглох, тухайн бүсийн тэжээвэр амьтан, нохойг байнгын уяатай байлгах, үхсэн өвчилсөн загас идэх, зөөвөрлөхөөс сэргийлэх, нуур орчмын мал, амьтдад эмнэл зүйн шинж тэмдэг илэрч буй эсэхийг тандах, нуур орчимд нутаглаж байгаа иргэд, малчдад анхааруулга, сэрэмжлүүлэг хүргэн ажиллахыг чиглэл болгоод байна” хэмээн БОАЖЯ-ны Байгалийн нөөцийн бодлого зохицуулалтын дарга Ц.Уранчимэг хэллээ.