О.Баасанхүү намдаа “гологдсон” нь үнэн

2017-08-15 11:49
BAASANHUU

Өчигдөр (2017.08.15) УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН “тоглоомын тойрог”-оос гаргаад тавьчихсан тухай мэдээлэл цацагдсан. Тус намын удирдах дээд байгууллага Гүйцэтгэх товчоо түүнд “цаашид улс төрийн дэмжлэг” үзүүлэхгүй байх талаар шийдвэрлэсэн байв.

Гэвч мэдээллийг намаасаа хөөгдсөн юм шиг ойлгон хүлээж авсан О.Баасанхүү гишүүн “Би МАХН-аас гараагүй, МАХН намайг хөөгөөгүй, хөөсөн ч гарахгүй” гэх мэт тайлбарыг өгөөд байлаа. Харин өнөөдөр МАХН-ын Нарийн бичгийн дарга Б.Тулга тайлбар өгч:

О.Баасанхүү гишүүнийг МАХН-аас хөөсөн гэж ойлгож болохгүй. Манай намын дүрэмд гишүүнийг хөөх тухай заалт байдаггүй. Харин намын дотоод ажилд оролцохгүй, уулзалт, хуралдаа ирэхгүй байгаа хүнийг албан тушаалаас нь чөлөөлдөг заалттай. Тиймээс УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-ын Гүйцэтгэх товчооны гишүүн, Бага чуулганы гишүүнээс нь чөлөөлсөн. Тэр хүн олон удаа намын дотоод журам зөрчиж, хурал тасалсан. Одоо О.Баасанхүү намын гишүүн байж болно, дэмжигч байж болно” хэмээн мэдэгдчихлээ. Энэ мэдэгдэл МАХН, О.Баасанхүү хоёрын зам салж байгааг харуулав бололтой.

МАХН-аас УИХ-д сонгогдсон цорын ганц гишүүн гэдгээрээ давуу эрх эдэлж, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл ганцаарчилсан тоглолт хийж, дураараа “тонгочсон” О.Баасанхүүгийн хэрэг одоо Н.Энхбаяр тэргүүтэнд байхгүй болсон бололтой юм. Ямар нэгэн сонгууль, уралдаан өрсөлдөөн өрнөхгүй гурван жилд О.Баасанхүү шиг пээдгэр хүүг харж суухаар, шилийг нь харсан нь дээр хэмээн МАХН үзсэн юм болов уу?

Д.ХАЛИУН