Энэ жил дэлхийн шилдэг 50 сургуульд элсэн суралцах урилга авсан 100 оюутан суралцах чадварын ерөнхий үнэлгээний тестийг өнөөдөр 12:00-13:00 цагийн хооронд өгөх аж.
Боловсролын Зээлийн Сангийн зээл тэтгэлгийн мэдээллийг ил тод, нээлттэй зохион байгуулах үүднээс мэдээлэл өгч байгааг БҮТ-ийн захирал Л.Ганбат хэллээ.
Тэрбээр “Монгол Улсын Засгийн газраас гаргасан тэмдэглэлийн дагуу дэлхийн шилдэг 50 их, дээд сургуулиас бакалаврын хөтөлбөрт суралцах урилга авч, БЗС-гийн хөтөлбөрт хамрагдах болзол хангасан оюутнуудаас сонгон шалгаруулалт хийх үйл ажиллагаа үргэлжилж байна.
Олон нийтэд нээлттэй, шилэн технологиор, хүний оролцоогүй, автоматжуулсан системээр зохион байгуулах тухай тэмдэглэл гарсны дагуу сонгон шалгаруулалт хийгдэж байгаа.
Дэлхийн топ 50 сургуулиас суралцах урилга авна гэдэг бол маш том амжилт. Нийт 100 оюутан суурь оноогоо авсан.
Гэвч энэ хичээлийн жилд 50 хүүхдийг гадаадын бакалаврын хөтөлбөрт хамруулах квот гарсан байгаа. Үндсэн дөрвөн чиглэлийн суурь онооноос гадна нэмэлтээр суралцах чадварын ерөнхий үнэлгээний тестээр сонгон шалгаруулна.
Ярилцлага, эсээ бичиж шалгаруулах аргын оронд “Суралцах чадварын ерөнхий үнэлгээ”-ний хэлбэрийг энэ жилээс шинээр оруулж ирж байгаа.
Дэлхийн шилдэг их, дээд сургуулиуд элсэж буй оюутнууддаа хэд хэдэн гол шаардлага тавьдаг. Үүний нэг нь суралцах чадварын ерөнхий үнэлгээ юм.
21 дүгээр зуунд зөөлөн ур чадвар буюу “soft skill” нь чухал ур чадварт тооцогддог. Иймд сонгон шалгаруулалтад хамрагдаж буй 100 оюутны суралцах чадварын үнэлгээг танхим болон цахимаар өнөөдөр зохион байгуулна” хэмээв.
Тэрбээр “Дэлхийн топ 50 сургуульд элсэх суралцагчдад санхүүгийн тэтгэлэг олгох тухай зар мэдээллийг холбогдох журмын дагуу дөрөвдүгээр сарын 11-нээс тавдугаар сарын 11-нийг хүртэл цахимаар олон нийтэд нээлттэй байршуулсан.
Үүнд нийт 133 хүүхэд бүртгүүлснээс 100 хүүхэд шалгарсан. Өөрөөр хэлбэл 33 хүүхэд хасагдсан гэсэн үг.
- Засгийн газрын тогтоол, журамд:
- Хэлний оноо буюу IELTS-ийн 6.5-аас дээш оноотой байх
Тэнцсэн сургуульд нь дэлхийд эрэмбээрээ 50-д жагсдаг байх шаардлагыг хангаагүй учраас 33 оюутан шалгаруулалтаас хасагдсан. Одоогоор 100 хүүхэд сонгон шалгаруулалтдаа оролцоод явж байна.
Сонгон шалгаруулалтын явцын суурь үнэлгээг дараах дөрвөн төрлөөр ангилж, үнэлсэн.
- Сургуулийн эрэмбэ
- Хэлний оноо
- Тэргүүлэх мэргэжил
- Голч дүн
Тухайлбал дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог “Times Higher Education World University” байгууллагын тогтоосон эрэмбээр 2023 оны эхний 50-д багтсан их, дээд сургуулийн бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах шаардлагыг хангаж, урилга авсан байх ёстой” гэж мэдээлэв.
БҮТ-ийн захирал Л.Ганбат “Дэлхийн топ 50 сургуулиас урилгаа авчихсан, хэлний оноотой, гол дүн нь хүрсэн зэрэг суурь үнэлгээг хангасан оюутнууд өнөөдөр суралцах чадварын ерөнхий үнэлгээний тест өгч. Улмаар 100 оюутнаас 50 хүүхдийг сонгон шалгаруулна.
Тухайн суралцагчийн хүний суурь ур чадвар нь ямар байна вэ гэдгийг олон улсад суралцах чадварын ерөнхий үнэлгээгээр тодорхойлдог. ]
Суралцах чадварын ерөнхий үнэлгээг үнэлэхдээ,
- Танин мэдэхүйн чадвар
- Хувь хүний өсөлт хөгжил
- Хүн хоорондын харилцааны чадварыг үнэлнэ.
Энэ үнэлгээг хийхдээ танхим, болон цахимаар зохион байгуулах юм. Яагаад гэвэл 100 сурагчаас 15 нь гадаад улсад сурч амьдарч байгаа. Тиймээс онлайнаар материалаа өгч, хамрагдах боломжийг нээсэн. Эдгээр хүүхдээс суралцах чадварын ерөнхий үнэлгээг цахимаар авч байна.
Бусад 85 сурагч нь Улаанбаатар хотод байгаа. Өнөөдөр 12:00-13:30 цагийн хооронд Нэгдүгээр сургуулийн тусгайлан бэлтгэсэн танхимд цаасан тестээр үнэлгээндээ хамрагдах юм. Нийт 90 минутын хугацаанд тестийг хийж гүйцэтгэнэ.
Дууссаны дараа шууд засалт хийж үр дүнг нээлттэйгээр зарлах ажил явагдана гэсэн үг. Үнэлгээний зохион байгуулалтын ажлыг БҮТ хариуцан ажиллаж байна” хэмээв.