НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллага (ЮНИДО)-ын Монгол Улсыг хариуцсан төлөөлөгч бөгөөд бүсийн захирал Стивен Каргбо Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгт энэ сарын 22-ны өдөр Итгэмжлэх захидлаа гардууллаа.

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагыг төлөөөлж манай улсыг хариуцах төлөөлөгчөөр томилогдсон Стивен Каргбо-д баяр хүргэж, Монгол Улс тус байгууллагад 1985 онд гишүүнээр элссэнээс хойш ЮНИДО-гийн зүгээс хэрэгжүүлж ирсэн төсөл, хөтөлбөрүүд манай улсын эдийн засаг, хөдөө аж ахуйн салбарын өсөлтөд чухал хувь нэмэр оруулж ирснийг онцлон дурдав.

Түүнчлэн Монгол Улс, ЮНИДО-гийн харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд 2021-2025 онд хэрэгжүүлэх Стратегийн хамтын ажиллагааны хүрээ баримт бичиг (SCF 2021-2025)-т тусгагдсан төсөл, хөтөлбөрүүдийг “Шинэ сэргэлтийн бодлого”-ын тэргүүлэх төслүүдтэй уялдуулан хэрэгжүүлэхийн төлөө хамтран ажиллахаа илэрхийлэв.

Стивен Каргбо Монгол Улсыг хариуцсан НҮБ-ын Үйлдвэр хөгжлийн байгууллагын төлөөлөгчөөр томилогдсондоо баяртай буйгаа илэрхийлээд тус стратегийн баримт бичгийг үр ашигтай хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан ажиллахаа нотлов.

By Enkhjin

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн