Нийслэл хотын агаарын бохирдлыг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн 8 дүүргийн 28 байршилд 85 хэсэгчилсэн талбайд гэр хорооллын газрыг дахин төлөвлөх, барилгажуулах төслийг хэрэгжүүлэхээр баталсан.
Эдгээр байршлын тоог нэмэгдүүлж Чингэлтэй 14, 18-р хороо, Сүхбаатар дүүргийн 14, 15 хорооны нутаг дэвсгэр долоон буудал орчим, Сонгинохайрхан дүүргийн 7, 8, 9, 10, 28, 40 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Баянхошуу орчмыг гэр хорооллын газрыг дахин төлөвлөн барилгажуулах байршлыг тогтоохоор төсөл хэлэлцүүлснийг төлөөлөгчид дэмжлээ. Уг байршлуудад батлагдсан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу 148,323 айлын орон сууц, 60 сургууль, 92 цэцэрлэг, 14 эмнэлгийг барьж ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. 2023 оны байдлаар 18 байршил, 51 хэсэгчилсэн талбайд 45 төсөл хэрэгжиж байна. Одоогийн байдлаар 3023 нэгж талбарт газар чөлөөлөлт хийж, 16,671 айлын орон сууц ашиглалтад ороод байгаа юм.
Мөн хуралдаанаар нийслэл хотын нийтийн эдэлбэр газрын хэмжээг тогтоох, ашиглалтын журмыг хэлэлцлээ. Одоогийн байдлаар 145 байршлын 227,97 га газар нийтийн эдэлбэрт газарт бүртгэгдсэн байдаг. 2023 онд нийтийн эдэлбэр газарт 47 байршлын 7,68 га газрыг нэмж бүртгэхээр төлөвлөснийг төлөөлөгчид дэмжиж шийдвэрлэлээ.