Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газар(ЗГХЭГ)-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр Дарханы төмөрлөгийн үйлдвэр болон Хөтөлийн цемент шохойн үйлдвэрийн удирдлагуудтай уулзлаа.
Энэ үеэр төрийн өмчийг хувьчилж авсан, концессын гэрээгээр эзэмшиж байсан аж ахуйн нэгжүүд зорилгынхоо үйл ажиллагаа явуулсан уу, хэр хэмжээний хохирол учруулсан бэ, нөхцөл байдал ямар байна вэ зэрэг асуудлыг ярилцав. “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржав “2014 онд Худалдаа Хөгжлийн Банкны хамаарал бүхий Кью Эс Си компани төрийн өмчит Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн ТӨХК-ийг концессын гэрээгээр шилжүүлж авсан. Шалгуур нь эргэлзээтэй, гадаадын томоохон аж ахуйн нэгжүүдтэй өрсөлдөж, богино хугацаанд ялсан. Ингээд хоёрхон жилийн настай компани төмөрлөгийн үйлдвэрийг тодорхой болзолтойгоор тодорхой хугацаатайгаар концессын гэрээгээр ашиглах хэлэлцээрийг байгуулсан.
Зорьсон зорилт, амласан амлалтдаа хүрээгүй учраас 2022 оны дөрөвдүгээр сарын 13-нд Засгийн газар шийдвэрээ гаргаж, гэрээг цуцалсан. Үүнтэй холбогдуулан манайх дээр эрүүгийн нэг хэрэг, захиргааны таван хэрэг явж байснаас эрүүгийн нэг нь Авлигатай Тэмцэх Газар(АТГ)-ын мөрдөгчдийн тогтоосноор, шинжээчдийн дүгнэлтээр 745 тэрбум төгрөгийн хохирол гараад 2022 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр прокурорт шилжүүлсэн.
Харин 2023 оны тавдугаар сард уг хэргийг нийслэлийн Прокурорын газраас нэмэлт мөрдөн байцаалт гэсэн тодотголтойгоор АТГ-т буцаасан.
Өнгөрсөн онд Засгийн газар, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас явуулсан хяналт шалгалтын ажиллагаагаар манай хохирлыг 1.2 их наяд төгрөг гэж үзэж байгаа. Үүнээс ч илүү байдал тогтоогдох боломжтой.
Захиргааны таван хэргийн гурвыг түдгэлзүүлж, хоёр хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байна.
Концессоор авсан долоон жилийн хугацаанд Гангийн үйлдвэр барих талаар хийсэн ажил алга. Үндсэндээ хашаа, хадаас ч хатгаагүй. Харин бид өнгөрсөн онд Техник, Эдийн Засгийн Үндэслэл(ТЭЗҮ)-ээ баталгаажуулсан. Үйлдвэрийг төр авснаар ТЭЗҮ-ээ бүрэн болгож, газраа баталгаажуулж авсан” гэв.Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Иж бүрэн санхүүгийн шалгалт 40 гаруй хоногийн хугацаанд үргэлжилсэн. Байгаа бичиг баримтуудад тулгуурлаж хийсэн уг шалгалтаар улсад 1.2 их наяд төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогдсон. Тухайлбалтөмөр зам, авто замын төлбөрийг улсаас авсан 240.8 тэрбум төгрөг
Дархан төмөрлөгийн үйлдвэр компаниас зээлээс шилжүүлж авсан нь 312 тэрбум
хүдрийн үнэ бууруулж гэрээлснээс үүдсэн алдагдсан боломжийн өртөг 840.9 тэрбум
Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн төлөөгүй байгаа татварын дүн 122 орчим тэрбум төгрөг гэдэг тоо баталгаатай гарсан.
Дарханы төмөрлөгийн үйлдвэрт хөрөнгө оруулж, гангийн үйлдвэртэй болгох хэрэгтэй гэдэг шийдвэр 2010 оны үед гарч байсан. Ингээд 2011-2012 онд хөрөнгө оруулалт оруулах нэрээр уралдаант шалгаруулалт зарлахад нэр хүндтэй олон компани өрсөлдөөд, зөвхөн тамга тэмдэгтэй, ямар ч үйл ажиллагаа явуулаагүй компани шалгарах жишээтэй.
Шалгаруулах процесс нь ажлын хэсгийг Төрийн өмчийн хорооноос байгуулж, тэр нь хоёр хоногийн дотор хуралдан, гурав дахь хоногтоо шийдвэрээ гаргахдаа ямар ч компанийн түүхгүй, тайлан баланс байхгүй ийм компанид өгсөн. Хоёрхон жилийн дараа үүнийг хөрөнгө оруулагч тал нь концессоор өгөх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн байна.
Төрийн өмчийг хувьчлах, менежментээр шилжүүлэх үндсэн найман арга бий. Эдгээрийн алинд ч байхгүй аргыг зохиож, хуйвалдааны шинжтэйгээр төрийн өмчийг үнэгүйдүүлж, авсан бодит жишээ нь энэ. Иймд төр буцааж авах нь зүйтэй гэж үзсэн. Мөн концессоор хүлээсэн үүргээ биелүүлээгүй” хэмээв.
Түүнийг ийнхүү танилцуулсны дараа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Луйврын процесст оролцсон төрийн өмчит үйлдвэрийн газруудын нийт үнэлгээ хэд вэ. Нэг ёсондоо Д.Эрдэнэбилэг гэдэг хүн луйврын бүлэглэлийг бий болгоод Монголын ард түмний нийт хэдэн төгрөгийн хөрөнгийг авах завдал хийсэн бэ” гэж асуув.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл “Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг хүлээж авахад 635 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байсан. Тухайн үеийн балансыг харж байж тодорхой хэлэх нь зүйтэй байх. Ер нь авсан үнээсээ хэд дахин өр төлбөр үүсгэсэн байгаа. Компани ашигтай ажиллах ёстой байтал өр төлбөрт оруулж, үнэгүйдүүлж байгаад 100 хувь хувийн болгож авах төлөвлөгөөтэй байсан болов уу гэж харахаар байна” гэж хариулав. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн захирал дутуу ярьж байна. Долоон жилийн хугацаанд Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг концессоор авсан этгээдүүд яг юу хийснийг та тодорхой ярихгүй байна.
Дэлхийн зах зээлийн ханшаар борлуулах ёстой төмрийн хүдрийг 50-80 хувийн хямд үнээр борлуулсан. Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төлөөлж, борлуулалтын үйл ажиллагаа явуулж байсан компаниуд дандаа Худалдаа Хөгжлийн Банкны хамаарал бүхий этгээдүүдийн үүсгэн байгуулсан компаниуд. Эзэмшиж буй орд газраас төмрийн баяжмал борлуулахад хэрэгцээтэй байсан төмөр замыг төрийн мөнгөөр барьсан. Авто замыг төрийн мөнгөөр барьсан.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас хууль хяналтын байгууллагын тогтоож өгсөн урьдчилсан дүнгээр 1.2 их наяд төгрөгийн хохирлыг ярьж байна. Гэхдээ Засгийн газрын нэрийн өмнөөс хохирлыг нэг бүрчлэн тооцвол 2.8 их наяд төгрөгийн хохирлыг Монголын ард түмэнд учруулжээ гэдгийг тодорхой ярих ёстой” гэлээ.
Мөн энэ долоо хоногт төрийн өмчит үйлдвэрүүд дээр ажлын хэсэг ажиллах юм байна.