Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих ажлын явц, холбогдох тооцоо судалгаа, мэдээллийг танилцуулав.
Нийслэлийн иргэдийг болзошгүй эрсдэлээс хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гамшигт эрсдэлийг бууруулах зорилгоор 2011 оноос эхлэн 1970 оноос өмнө барьсан 672 барилгад биет үзлэг, хэмжилт, судалгаа хийсэн. Улмаар холбогдох хуулийн дагуу Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2016-2022 онд гарсан зургаан удаагийн шийдвэрээр ашиглалтын шаардлага хангахгүй болсон, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 377 барилгын ашиглалтыг хориглосон байдаг. Гэвч эдийн засаг, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалан өнөөдрийг хүртэл зарим барилгад иргэд оршин суусаар байна.
Нийслэлийн Засаг даргын 22 удаагийн захирамжаар 194 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарсан. Одоогоор 150 барилгад төсөл хэрэгжүүлэгч шалгарч, 2015-2023 оны хооронд 1298 өрхийн 61 барилгыг буулгаж, 3248 өрхийн үйлчилгээ, орон сууцны 27 барилгыг ашиглалтад оруулсан. Энэ нь ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилга байгууламжийг буулган, шинээр барих ажлын хэрэгжилт удаашралтай, цаашид эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байгаа юм.
Төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан 50 хуулийн этгээдээс 31 барилгын загвар зураг төсөл батлуулахаар ирүүлсний 24 нь барилгын хүчин чадал нэмэгдүүлэх тухай хүсэлт байна. Эдгээр хүсэлтийн дийлэнх нь урьдчилсан байдлаар 9-12 давхар байхаар төлөвлөсөн барилгыг 16 давхар болгох хүсэлт ирүүлжээ. Мөн сүүлийн жилүүдэд бараа материалын хомсдол, үнийн өсөлтөөс шалтгаалан барилга угсралтын зардал нэмэгдсэн нь төсөл хэрэгжихэд хүндрэл учруулж байгаа юм.
25 удаа сонгон шалгаруулалт зарлахад нэг ч материал ирүүлээгүй тохиолдол ч байгаа юм. Холбогдох журамд заасны дагуу сонгон шалгаруулалт тав буюу түүнээс дээш удаа амжилтгүй болсон тохиолдолд тухайн төслийг аймаг, нийслэлийн орон сууцны асуудал эрхэлсэн байгууллага хариуцан хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Иймээс Нийслэлийн Засаг дарга таван удаагийн захирамжаар 14 барилгыг дахин төлөвлөн барилгажуулах ажлыг Нийслэлийн Орон сууцны корпораци ХК хариуцан гүйцэтгэж байна.Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн Барилга, хот байгуулалт хариуцсан зөвлөх Б.Сүхбаатар асуудлыг шийдэхийн тулд хууль болон журамд өөрчлөлт оруулах шаардлагатай гэдгийг онцолж байлаа.Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах нэгдсэн төсөл хэрэгжүүлэх нэгжийн захирал Ч.Батзориг ашиглалтын шаардлага хангахгүй байранд амьдарч байгаа иргэдэд шаардлага хүргүүлдэг эсэхийг тодруулахад “Барилга ашиглалтын шаардлага хангахгүй нь тогтоогдвол дүүрэг, хороотой хамтран иргэдэд мэдээлэл өгч, дахин төлөвлөлтөд хамрагдахыг дэмжиж байгаа эсэх талаар санал асуулга явуулдаг. Иргэд эхлээд 100 хувь дэмждэг ч аж ахуйн нэгж шалгарангуут асуудал үүсэж эхэлдэг” гэдгийг хэлж байлаа.Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ “Инженерийн дэд бүтцэд их хэмжээний мөнгө зарцуулж байхаар тэр мөнгөөр барилгыг худалдаж аваад, ногоон байгууламж байдлаар тохижуулах, мөн хууль, дүрэм, журмын өөрчлөлтийг хэн нэгэнд найдахаас илүүтэйгээр өөрсдөө барьж авч, шийдэх хэрэгтэй” гэсэн санал хэллээ.
Хотын дарга дээрх саналуудыг тусган, зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, холбогдох албаныханд үүрэг өгөв. Тухайлбал, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, эрх зүйн шинэчлэл хийх асуудлыг судалж, танилцуулахыг үүрэг болгосон юм.