Хүн бүрийн амьдралдаа хийх хамгийн том сонголтуудын нэг бол мэргэжил сонголт. Тэр дундаа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төгсөлт эхэлсэн энэ үед мэргэжлээ зөв сонгох нь амьдралдаа хийж буй хамгийн чухал алхам билээ. Тиймээс бид Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэг, Карьер хөгжлийн төв”-ийн захирал Д.Мөнхнаран, Сэрүүлэг их сургуулийн захирал Н.Туул нарын мэргэжил сонголтын талаарх зөвлөмжийг хүргэж байна.
Б.Ууганцэцэг: Мэргэжил сонгохдоо дараахь гурван асуултыг өөрөөсөө асуугаарай
Хүн бүрийн амьдралдаа хийх хамгийн том сонголтуудын нэг бол мэргэжил сонголт. Тэр дундаа хаврын улирал эхэлж, ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын төгсөлт эхэлсэн энэ үед мэргэжлээ зөв сонгох нь амьдралдаа хийж буй хамгийн чухал алхам билээ. Тиймээс бид Сэтгэл судлалын үндэсний төвийн гүйцэтгэх захирал, сэтгэл судлаач Б.Ууганцэцэгтэй мэргэжил сонголтын талаар ярилцсан зөвлөгөөг хүргэж байна.
Мэргэжлээ буруу сонгосны хор уршиг маш их байдаг. Цаг хугацаанаас эхлээд сэтгэлзүй, санхүүгийн гээд олон зүйлийг алдахад хүргэдэг. Тиймээс хүн бүрийн хувьд мэргэжил сонголт бол амьдралын хамгийн том сонголтын нэг. Мэргэжлээ зөв сонгохын тулд өөрөөсөө заавал гурван асуултыг асуух хэрэгтэй. Нэгдүгээрт, би энэ зүйлд үнэхээр дуртай, сонирхолтой юу, би энэ зүйлийг үнэхээр чадах уу, энэ зүйл надад үнэхээр хэрэгтэй юу гэдэг гурван асуултыг өөрөөсөө асуух хэрэгтэй. Хэрвээ энэ гурван асуултад гурвууланд нь “тийм” гэж хариулж байх юм бол тэр мэргэжил чамд хамгийн сайн тохирох мэргэжил байдаг. Гэтэл ихэнх залуус мэргэжлээ сонгохдоо нэг талыг нь буюу дээрх гурван зүйлийн нэг болзлыг нь хангаж байх юм бол түүндээ тохируулаад мэргэжлээ сонгочихдог. Тухайлбал, математикийн хичээлээ сайн хийж, тоо сайн бодож чаддаг, олимпиадаас медаль авдаг хүүхдүүд тэр чиглэлийн мэргэжил сонгох юм бол би чадна гээд сонгочихдог. Гэтэл тухайн хүүхэд энэ зүйлдээ үнэхээр дуртай сонирхолтой юу гэдэг бас чухал байдаг. Эсвэл сонирхдог, дуртай мөн чаддаг зүйлээ биш энэ мэргэжлийг сонгох юм бол нийгэмд эрэлт хэрэгцээтэй, ажлын байр олдох магадлал өндөр, цалин өндөр гэхчлэн хэрэгтэй талыг нь хараад мэргэжлээ сонгочихлоо гэхэд тухайн мэргэжилдээ дургүй, чаддаггүй бол мэргэжил сонголт буруу болж байна гэсэн үг. Дургүй зүйлдээ сураад дундаас нь сургуулиа хаях, сургуулиа төгссөн ч тэр чиглэлээр ажиллахгүй байх зэрэг олон хор уршгийг дагуулж байдаг. Тиймээс залуус маань мэргэжлээ сонгохдоо дээрх гурван зарчмыг баримтлах юм бол хамгийн зөв сонголт хийж чадах болно гэж хэлмээр байна. Мэргэжил сонгоход энэ гурван зүйл тулгын гурван чулуу шиг хоршин нийлж байж насан туршдаа бат, бөх, өөртөө итгэлтэй, нийгэмд байр сууриа олсон боловсон хүчин болж, өөрийн амьдралдаа аз жаргалтай, сэтгэл хангалуун байх болно. Би юу хийвэл хамгийн аз жаргалтай байж чадах вэ гэдгээ сайн мэдэж байх хэрэгтэй.
Мэргэжил сонгохдоо гаргадаг нийтлэг алдаанууд…
Мэргэжил сонгоход гардаг нийтлэг дутагдалтай зүйлүүдийн нэг бол тухайн хүүхэд мэргэжлээ сонгохдоо зөвхөн гаднах байдал, имижийг нь харж сонгох тохиолдол байдаг. Тухайлбал, “эмч болох үнэхээр сайхан. Өндөр сайхан биетэй, цагаан халаад өмсөөд л биеэ сайхан авч явдаг, хүмүүст тусалдаг. Тийм болохоор би эмч болно” гээд сонгочихдог. Гэтэл харагдах байдлаас гадна эмч болохын тулд оюуны, сэтгэл зүйн маш олон шалгуурыг давах ёстой гэдгийг тооцож үздэггүй. Эсвэл онгоцны үйлчлэгч, нисгэгч болно гээд л. Зарим тохиолдолд харагдах байдлаас гадна тухайн мэргэжлийнхээ нэрэнд болоод сонгочихдог. Маркетингийн менежер гэхээр л гадаад нэр бодогдоод л сонгох жишээтэй. Ингэж сонгосон мэргэжил олон талын сөрөг зүйлүүдийг дагуулдаг.
Эцэг эхийн зүгээс өөрийнхөө сонголтоо хүүхдэдээ тулгаад байдаг. Гэтэл таны сонголт бол хүүхдийн сонголт биш гэдгийг эцэг эхчүүд мэддэггүй. Аав, ээжүүд бол өөрийнхөө хийж чадаагүй зүйл, гүйцэлдээгүй хүслээ хүүхдээр гүйцэлдүүлж хийлгэх гээд байдаг. Энэ нь хүүхдэд маш их ачаалал болж, мэргэжлээ буруу сонгоход нөлөөлж байдаг.
Мэргэжил сонголтын талаар маш сайн ярилцаж, эртнээс төлөвлөж байх хэрэгтэй. Гэтэл манайд гардаг нийтлэг алдаа нь ихэнх хүүхэд мэргэжлээ элсэлтийн шалгалт эхлэхээр оноогоо харж байгаад сонгодог. Өөрөөр хэлбэл тулгаж байгаад хүсээгүй, дургүй мэргэжлээ сонгочихдог. Ямар мэргэжилтэй хүн болох вэ гэдгээ ахлах сургуульд орохдоо сонгочихсон, сэтгэлзүйн болон бие мах бодь, оюун санааны хувьд бэлтгэлтэй байх ёстой. Эртнээс бэлдээгүй, мэргэжлээ тулгаж сонгож байгаа нь тухайн хүүхэд хэр зорилготой, мөрөөдөлтэй хүүхэд вэ гэдэг нь харагддаг. Өөрийн гэсэн зорилго, мөрөөдөлгүй болохоор л юу ч бодож, төлөвлөхгүй явсаар ирсэн гэсэн үг. Тухайн хүүхдийг зорилготой, мөрөөдөлтэй болгоход хамгийн чухал үүрэгтэй хүмүүс бол эцэг, эхчүүд байдаг. Тэд хүүхдэдээ бага байхаас нь эхлээд өөрсдийнхөө зорилго, гэр бүлийнхээ мөрөөдлийн талаар ярьж өгч байх хэрэгтэй. Зорилго, мөрөөдөл гэж юу байдаг вэ гэдгийг хүүхдэд багаас нь ухааруулж, ойлгуулах хэрэгтэй. Аав, ээж ямар ч зорилгогүй амьдардаг бол хүүхэд тэднээс л үлгэр дууриал авдаг. Тэглээ гээд хүүхдээ зорилготой, мөрөөдөлтэй бол гээд шахаж, шаардах хэрэггүй өөрсдийнхөөө тухай ярьж, өөрсдийгөө л харуулах хэрэгтэй. Хүүхдүүдээ, баяртай, уучлаарай гэж хэлээрэй гээд хэлж сургахын оронд өөрөө харуулахад л хангаллтай гэдэг шиг хүүхдээ зорилго, мөрөөдөлтэй болгох нь яг үүнтэй адил байдаг. Хүүхдэд тэг, ингэ гэж хэлээд үр дүнгээ өгдөггүй, өөрөө үлгэрлэн харуулах хэрэгтэй.
Өөрийнхөө сэтгэлзүйд тохирсон мэргэжлээ сонгох хэрэгтэй. Хүчний байгууллагад ажиллаж байгаа хүн тууштай, зүтгэлтэй ,шаргуу, илүү их тэвчээртэй байх хэрэгтэй. Багш болох гэж байгаа хүүхдүүд асуудалд их нээлттэй ханддаг, бусдыг сайн сонсож чаддаг, өөрийгөө бусдад маш сайн ойлгуулж чаддаг. Инженер хүний хувьд гэхэд аливаа зүйлд дүн шинжилгээ сайн хийдэг, тогвортой удаан хугацаагаар суух чадвартай байх зэргээр мэргэжил бүр тухайн хувь хүний сэтгэлзүйд тохирсон шалгуур үзүүлэлттэй байдаг. Өөрийнхөө сэтгэлзүйн онцлог, давуу талыг сайн шалгаж үзэх ёстой. Миний давуу тал энэ мэргэжил дээр яаж гарч болох вэ гэдгийг бодох хэрэгтэй. Өөрийнхөө сэтгэлзүйн эсрэг мэргэжлийг сонгочихоор дундаас нь шантрах, буцах тохиолдол их гардаг.
Д.Мөнхнаран: Мэргэжлээ зөв сонгоход дараахь 10 зүйлийг хийгээрэй
-Мэргэжлээ сонгохоосоо өмнө дараах 10 зүйлийг амжуулаарай гэж зөвлөдөг. Үүнд,
Нэгд, ажил мэргэжлүүдийн талаар өргөн мэдлэгтэй болох. Хоёрт, өөрийгөө таних (сэтгэл зүйн сорил өгөх). Гуравт, гадаад хэл дээр сонирхож судлах. Дөрөвт, аав ээж, багтайгаа зөвлөх. Тавдугаарт, мэргэжлийн дагуу зорилгоо төсөөл, мөрөөд. Зургаадугаарт, хөдөлмөрийн зах зээлийг тандах. Долоод, Бодит мэргэжилтэнтэй уулзах, зөвлөгөө авах (Эрсдэл, давуу тал, сул тал). Наймд, ажил хийж үзэх /Volunteer/, Есдүгээрт, карьер мэргэжилтний зөвлөгөө авах. Аравт, өөрийн сонгосон мэргэжлээр хамгийн шилдэг мэргэжилтэн болгох сургуулиа судлах багтаж байна. Эдгээр зүйлсээс өөрийгөө таних бол хамгийн чухал нь юм.
Н.Туул: Мэргэжил сонгохдоо эхлээд өөрийгөө тань…
Харин “Сэрүүлэг” их сургуулийн гүйцэтгэх захирал Н.Туул “Мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ?” сэдвийн хүрээнд эцэг эхчүүд болон ерөнхий боловсролын сургууль төгсөх сурагчдад дараахь зөвлөгөөг өгсөн байна.
Өөрийгөө тань
Ирээдүйн мэргэжлээ сонгох гэж буй хүүхдийн эцэг эх нь хүүхдээ юунд сонирхолтой, ямар зан төрхтэй гэх мэтээр таньж мэдэх нь чухал. Гэхдээ үүнээс илүү тухайн хүүхэд өөрөө өөрийгөө таньж мэдэх нь хамгийн гол асуудал юм. Өөрийн юунд дуртай, юу хийж чадах, юу сонирхдог зэрэг өөрт хамгийн ойр байгаа шинжээ ажиглан харах хэрэгтэй. Мөн өөрийн зан төлөвөө тодорхойлоорой.
Зорилгоо тодорхойл
Өөрийн дотоод сэтгэлээ сонсч, ирээдүйд хэн болох, хэнд үйлчилж, хэрхэн амьдрахаа сайтар тунгааж ирээдүйн амьдралынхаа зорилгыг тодорхой болгох хэрэгтэй.
Мэргэжлээ судал
Хүн ажлынхаа цалингийн хэмжээнд анхаарч ажиллахаас илүү өөрийн сонирхолтой, хүссэн ажлаа хийх нь илүү амжилтад хүргэдэг. Ер нь аз жаргал бол мэргэжлээ зөв сонгосонтой холбоотой байдаг. Тиймээс тухайн мэргэжилдээ эзэн нь болж, тууштай ажиллаж чадах эсэхдээ анхаар. Тухайн мэргэжлийг эзэмшээ хэн болох, ямар нөхцөл байдалд, хэр хугацаанд, хэрхэн ажиллах, зэргээр мэргэжлээ нарийн судлах хэрэгтэй. Боломжтой бол сонирхож буй мэргэжлийнхээ орчинтой танилц.
Ярилц
Мэргэжлээ солиод байвал төөрөгдөлд орно. Харин зөв сонголт хийснээр суралцах хугацаанд асуудал гардаггүй. Иймд мэргэжлээ сонгохын тулд шийдвэр гаргахад бодитоор тусалж чадах хүмүүстэй ярилцаарай. Гэхдээ эцэх эх, хүүхэдтэйгээ ярилцахдаа аль нэг мэргэжлийг тулган шаардаж болохгүйг анхаарах хэрэгтэй. Ингээд мэргэжлээ сонгосны дараа сургуулиа сонгох нь зүйтэй.