“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-жендэрийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” олон улсын чуулга уулзалт удахгүй болох талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар дараах байр суурийг илэрхийллээ.
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа: “Дэлхий даяар цар тахлын дараа эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт буурсан. Түүнчлэн эмэгтэйчүүдийн эсрэг гэмт хэрэг, хүчирхийлэл их болсон нь Ази номхон далайн бүс нутгийн хувьд тулгамдсан асуудал болж байгаа. Тиймээс жендэрийн асуудлаар уг чуулга уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөж байна. Олон улсын эрдэмтэн судлаачид, оюутнууд хүрэлцэн ирнэ. Зөвхөн шийдвэр гаргагчдаас гадна судлаачид, сургуулийн давхар хэлэлцээрийг мөн зохион байгуулж байгаа. Манай улсын хувьд 2015 онд НҮБ-аас баталсан тогтвортой хөгжлийн зорилгыг улсынхаа тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болгож, 2016 онд хамгийн түрүүнд баталсан орны нэг. Гэтэл уур амьсгалын өөрчлөлт, агаарын бохирдол, ядуурлыг бууруулах, жендэрийн эрх тэгш байдлыг хангах зэрэг зорилт цар тахлын үед хойшилсон. Дэлхий нийт тогтвортой хөгжил гэдгийг бүхий л бодлоготойгоо уядаг болсон. Харин манай улсад хоцрогдоод байгаа. Энэ бүхнийг зэрэг авч явж чадахгүй бол олон улсын байгууллагуудтай хамтарч ажиллах, санхүүжилтийн дэмжлэг авах, төсөв босгох асуудал бидний хувьд амаргүй болно. Тогтвортой хөгжлийн чухал үзүүлэлтээр Монгол Улс муу байгаа. Тухайлбал, боловсролын хүртээмж нь сайн байгаа мөртлөө чанарын хувьд муу. Үеэс үе дамждаг өр зээл, уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудал байгаа нь манай улс тогтвортой хөгжлийн зорилт дээрээ зайлшгүй анхаарах шаардлагатайг харуулж байна” гэдгийг хэллээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: “БНСУ-д өмнөх жил болсон уг чуулга уулзалтаар уур амьсгалын өөрчлөлтийн талаар ярилцсан бол энэ жилийн хувьд жендэрийн эрх тэгш байдлын талаар голлон ярих юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт, Улс төрийн намын тухай, УИХ-ын сонгуулийн тухай хуульд жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаар илүү хүчтэй, өргөн хүрээтэй заалт яригдаж байна. Тиймээс энэ жилийн хувьд жендэрийн эрх тэгш байдлын талаар хэлэлцэхээр сонгож авсан. Дэлхийн улс орнууд тогтвортой хөгжлийг эрэлхийлж л байгаа бол эмэгтэйчүүдийн манлайлалд анхаарах ёстой гэж үздэг. Дэлхий нийт хөгжлөө хүний хөгжлөөр хэмждэг болсон цаг үед бид амьдарч байна. Тиймээс эмэгтэйчүүдийн оролцоо туйлын чухал байна. Энэ өдрүүдэд Монгол Улсад олон чухал арга хэмжээ болно. НҮБ-ын найм дахь Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Бан Ги Мүн уг чуулга уулзалтад оролцоно. Мөн Стэнфордын их сургуулийн Ази номхон далайн судалгааны төвийн захирал, БНСУ-ын эмэгтэйчүүдийн их сургуулийн төлөөлөл зэрэг 10 орны 52 нэр хүндтэй зочид хүрэлцэн ирж оролцох юм” хэмээв.
Уг чуулга уулзалт зургаадугаар сарын 13-14-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах аж.