Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас тохижилт, ногоон байгууламжийн ажил болон цаг үеийн асуудлаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар зарим зүйлийн талаар тайлбар хийлээ.
Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар: “Хот нийтийн аж ахуйн чиглэлийн үйл ажиллагаатай ААН-үүдтэй гурван жилийн хугацаатай гэрээ байгуулдаг болсон. Өмнө нь нэг жилийн хугацаатай гэрээ хийдэг байсан юм. Харин урт хугацааны гэрээ хийчихээр ААН-үүд техник, хэрэгслээ шинэчлэх зэрэг боломжтой болсон. Хуульд өөрчлөлт орж илүү урт хугацааны гэрээ байгуулдаг болохоор судалгааны ажил хийгдэж байна” гэв.
Мөн гэр хорооллын бүсэд тохижилтын ажил хийгдэхгүй байна гэх шүүмжлэлд “Олон байршилд явган замын шинэчлэл болон тохижилтын ажил хийгдэж байгааг Хотын менежер хэлж байна. Улаанбаатар хот өөрөө төсөв, санхүүгийн хувьд өндөр чадвартай биш. Тийм учраас хотын төв буюу олон хүн цуглардаг газруудаасаа эхлээд тохижилтын ажлыг хийж байгаа юм. Гэр хорооллын бүсэд тодорхой тохижилтын ажлыг хийж байгаа ч нэг дор бүгдийг цэгцлэх эдийн засаг, хүн хүчний боломжгүйгээс үе шаттай хийгдэж буйг хэлье” хэмээв.