Монголбанк энэ оны тавдугаар сард 2,417.8 кг алт худалдан авсан байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 12.3 хувиар өссөн үзүүлэлт боллоо. Харин оны эхнээс өссөн дүнгээр 5.6 тонн үнэт металл худалдан авсан нь өмнөх оныхоос 4.9 хувиар буурсан дүн болж байна. Оны эхний таван сарын хугацаанд Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 425.5 кг алт худалдан авсан бол Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 422.6 кг үнэт металл худалдан авчээ. Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дэх үнээр тогтоодог бөгөөд тавдугаар сард алт худалдаж авах дундаж үнэ 221,229.60 төгрөг байсан аж. Олон улсын зах зээлд алтны үнийн төлөвийг илүү урт хугацаанд нь харвал 2023 онд унц нь 1900 ам.доллар, 2024 онд 1750 ам.доллар болж буурах төлөвтэй байгааг Дэлхийн банкны шинжээчид мэдээлж байсан юм. Харин “Fitch” агентлаг 2023 онд алтны үнэ 1950 ам.долларт хэлбэлзэнэ гэж тооцоолж байгаа аж. Үүнээс гадна оны эхний таван сарын байдлаар 4.7 тонн алт экспортолсныг Гаалийн ерөнхий газар мэдээллээ. Энэ нь өмнөх оны мөн үед 7.3 тонны экспорт хийж байсантай харьцуулбал 35.6 хувиар буурсан үзүүлэлт болж байна. Харин цар тахлын үе буюу 2021 оны мөн үеэс ойролцоогоор 73.3 хувиар өссөн дүн болжээ.