УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв.Хуралдаанаар уг хуулийн төслийг анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. УИХ-ын сонгуулийн сурталчилгааны арга хэлбэрийн талаар тодруулсан гишүүдийн асуултад Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд, УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн болон ажлын хэсгийн гишүүд хариулт өгөв. УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 39 дүгээр 39.2 дахь хэсэгт заасан сурталчилгааг найман хэлбэрээр явуулах зохицуулалт хөндөгдөөгүй гэв. Улсын Их Хурлын сонгуулийн саналын хуудас хоёр хэсэгтэй байх бөгөөд эхний хэсэг нь тойрогт нэр дэвшигчдэд зориулсан хэсэг байх аж. Сонгогч тойрогт нэр дэвшигчдээс сонголтоо хийж, дугуйлаад, хоёр дахь хуудаснаас улс төрийн нам сонгоно гэдэг тайлбарыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн хийлээ. Нам, эвслээс нэр дэвшиж байгаа нийт нэр дэвшигчийн аль нэг хүйсийн төлөөллийн талаарх зохицуулалтыг Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, С.Ганбаатар, Б.Жаргалмаа, Д.Өнөрболор, Д.Ганбат нар тодруулав. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нийт нэр дэвшигчийн 20-иос доошгүй хувь нь нэг хүйсийн төлөөлөл байх зохицуулалттай, харин төслөөр 30 хувь болгохоор байгааг Д.Тогтохсүрэн гишүүн хэлээд “Төсөл дэх хүйсийн төлөөллийн талаарх зохицуулалт Монгол Улсад бүртгэлтэй улс төрийн 36 намд тэгш боломж олгох ёстой. Аль нэг хүйсийн төлөөлөл 30 хувиас багагүй байна гэдэг нь 126 нэр дэвшигчийнх нь 38 гэсэн үг. Одоо мөрдөгдөж буй хуулиар 15 нэр дэвшигч аль нэг хүйсийн төлөөлөл байх ёстой байсныг хамгийн багадаа 38, улмаар 126 байх боломжтой болж байна” гээд энэ хэмжээний өөрчлөлтөөс гарах үр дүнгийн талаарх тооцооллыг мөн тайлбарласан. Олон улсын түвшинд парламентын сонгуульд нэр дэвшигчдийн аль нэг хүйсийн төлөөлөл нь дунджаар 40 хувиас багагүй байгаа бол парламентын бүрэлдэхүүний 26 (дунджаар) хувь нь нэг хүйсийн төлөөлөл байгаа гэдэг тоо мэдээллийг танилцуулсан. Дээрх өөрчлөлтийн үр дүнд хүйсийн төлөөллийн тэгш байдлыг хангахад дэвшил болж байгаа гэдэг хариултыг Д.Тогтохсүрэн гишүүн өгсөн. Үүний зэрэгцээ Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Улс төрийн намын тухай хуулийн төсөлд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшүүлэхдээ хүйсийн тэгш байдлыг хангах, намуудын хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр зохицуулалтуудыг нэлээд нарийвчилж хэлэлцэх шаардлагатай гэдгийг хэлж байлаа. Сум, дүүргийн Засаг дарга холбогдох журмын дагуу нэгдсэн самбарыг бэлтгэж, байршуулахын зэрэгцээ үнэ төлбөргүй ашиглуулах юм байна. Улсын Их Хурлын сонгуулийн үеэрх хамгийн өндөр зардал болох ухуулагчийн урамшууллыг бууруулсан болохыг Д.Тогтохсүрэн гишүүн хариултынхаа үеэр хэлсэн. Одоо “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс хэтрэхгүй” гэсэн зохицуулалттай байгааг “хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 50 хувиас хэтрэхгүй” гэж өөрчлөхөөр төсөлд тусгаад байгаа аж.
“Сонгуулийн хуульд оруулсан өөрчлөлтөөр Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг “амилуулна””
Үүний зэрэгцээ нам, эвсэл нэр дэвшүүлэхдээ намын гишүүн, дэмжигчээсээ мөнгөн болон мөнгөн бус хөрөнгө, үйлчилгээ, барьцаа, дэнчин авахыг хориглох зохицуулалтыг тусгасан, үүнийг намууд мөрдөж, санхүүжилтээ ил тод, нээлттэйгээр босгож, зардлаа “шилэн” байдлаар тайлагнах эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа гэдгийг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд гишүүн тайлбарлав. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг “амилуулах” гол эрх зүйн зохицуулалт хэлэлцэж буй төслийн хүрээнд явна гэдгийг М.Оюунчимэг гишүүн хэлсэн бол Улсын Их Хурлын болон орон нутгийн сонгуулийн тогтолцоог нэг хэлбэрээр, тогтвортой явуулах саналыг Ч.Хүрэлбаатар гишүүн илэрхийлсэн. Улсын Их Хурлын гишүүн Д.Өнөрболор хүйсийн квотыг дэмжиж буй гишүүдэд талархал илэрхийлээд Улс төрийн намын тухай хуулийн төслийг ойрын хугацаанд хэлэлцэн, батлах ёстой гэдэг байр суурийг илэрхийллээ. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслөөр Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийг “амилуулна” гэдгийг цохон тэмдэглэсэн. “Эдгээр хуульд цогц өөрчлөлт хийж байж, Улсын Их Хурлын ирэх сонгуулиас эхлээд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн бодит үр дүн мэдрэгдэнэ. Аливаа шинэчлэлт өөрчлөлт нь боломж, эрсдэлийг дагуулдаг. Сорилт бэрхшээл ч бий болно. Ийм учраас Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчдэд тавих шаардлага, шалгуурыг өндөрсгөх талаар олон нийт болон ахмад улс төрчдөөс ирж байгаа санал, зөвлөмжийг анхаарч ажиллах шаардлагатай” гэлээ. Түүнчлэн Улсын Их Хурлын сонгуулийн явцад гарч болох эрсдлүүдийг тооцож, түүнээс сэргийлэх эрх зүйн орчныг нь бүрдүүлэх шаардлагатайг тэрбээр ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болгов. Ийнхүү гишүүд Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн талаарх зарчмын зөрүүтэй саналын 62 томьёоллоор нэг бүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлээд, төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүллээ гэж УИХ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.