“Хатгал” нисэх буудлын ашиглалтыг сайжруулах талаар хэлэлцлээ
Монголд зочлох жилийн хүрээнд “Хатгал” нисэх буудлыг үйл ажиллагаанд оруулах, ашиглалтыг сайжруулах хэрэгцээ шаардлага, эрэлт хэрэгцээ бий болоод байна. Тиймээс тус нисэх буудлын ашиглалтыг хэрхэн сайжруулах талаар өнөөдөр хэлэлцлээ. “Хатгал” нисэх буудлын өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаад буй асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай ажлын талаар Хөвсгөл аймаг дахь “Мөрөн” нисэх буудлын дарга Д.Хишигбат танилцууллаа.
“Хатгал” нисэх буудлын барилга нь 2007 онд ашиглалтад орсон бөгөөд 2012 оноос хойш засвар арчлалт хийгдээгүйн улмаас дээврээс дусаал дусаж, гадна дотор хананд борооны ус нэвчих зэргээр барилгын чанар, өнгө үзэмж мууджээ. Мөн хөөрч буух шороон зурваст 2011 оноос хойш урсгал засварын ажил хийгдээгүй, өнөөдрийн байдлаар хөрс суларсан, шигдэлт ихтэй, бороо орсон үед агаарын хөлөг хүлээж авах боломжгүй байдалтай байгааг хэллээ. Тиймээс барилгын гадна фасад, дээвэр мөн зурвасыг яаралтай засварлах шаардлагатай байгааг танилцууллаа.
“Хатгал” нисэх буудлыг аялал жуулчлалтай уялдуулан хөгжүүлэх боломжуудыг дараах байдлаар тодорхойлжээ.
Үүнд:
Улирал харгалзахгүйгээр нислэг үйлдэж, өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх;
Жижиг оврын агаарын хөлгөөр байгалийн үзэсгэлэнт, цогцолбор газруудаар богино зайн нислэг үйлдэх;
Сонирхогчдод зориулсан шүхрийн буулт, дадлага сургуулилт зохион байгуулах;
Ханх-Мондын хилийн гарцыг Олон улсын боомт болгохтой холбогдуулан Ханх-Хатгал-Мөрөн-Хатгал-Ханх чиглэлд жижиг оврын агаарын хөлгөөр зорчигч болон ачаа тээврийн нислэг үйлдэх.
“Хатгал” нисэх буудлыг хөгжүүлснээр дараах үр дүн гарна гэж үзэж байна.
Гадаад болон дотоод жуулчдын тоо нэмэгдэнэ;
Аялал жуулчлалын компаниуд, жуулчны баазуудын үйл ажиллагаа хялбаршиж, зардал, цаг хугацаа хэмнэнэ;
Аймаг, орон нутгийн болоод бизнес эрхлэгчдийн орлого нэмэгдэнэ;
Орон нутгийн хөгжилд дэмжлэг болж, дэд бүтэц хөгжинө;
Цар тахлын дараах аялал жуулчлалын сэргэлтэд чухал нөлөө үзүүлнэ;
Орон нутгийн нислэг сэргэж, нутгийн иргэд агаарын тээврээр түргэн шуурхай, ая тухтай зорчих боломж бүрдэнэ.
Хуралд АНҮГ-ын дарга Э.Төрбаяр, НБҮГ-ын дарга С.Нацагдорж, ХАГ-ын дарга Р.Амарбаясгалан болон албаны бусад хүмүүс оролцлоо.