“Тусгай олимпын дэлхийн наадам-2023” Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын нийслэл Берлин хотноо 2023 оны зургаадугаар сарын 17-25-ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна. Энэхүү наадамд Монголын Улсаа төлөөлөн волейбол, сагсан бөмбөг, хөл бөмбөг, бадминтон, бочи, жүдо, усан спорт, хөнгөн атлетик, ширээний теннис зэрэг есөн спортын төрлөөр нийт 44 тамирчин, 18 дасгалжуулагч-чиглүүлэгч оролцох юм. Өнөөдөр тус наадамд оролцох баг тамирчдад Монгол Улсын Ерөнхий сайдын Нийгмийн хөгжлийн асуудал эрхэлсэн зөвлөх Ч.Ундрахбаяр, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын Салбарын бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Мөнхцэрэн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны ажлын албаны дарга Э.Тэмүүжин, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Баттулга, Монголын Тусгай олимпын хорооны гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг нар амжилт хүсэж батламж гардууллаа гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.