“Осло-2021” чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт, өсвөр үе, 23 хүртэлх насны Азийн аварга, “Хүч” спорт хорооны тамирчин ОУХМ Төмөр-Очирын Тулга дэлхийн чансааны оноо олгох тэмцээнд гурав дахь удаагаа түрүүллээ.
Тэрбээр, Бишкект 1/8 шигшээд Тажикистаны дагестан легионер Абдулмажид Кудиевийг 4:0-ээр, шөвгийн наймд Узбекистаны Уможон Жалоловыг 6:5-аар, хагас шигшээд Казахстаны Мейржин Ашировыг 8:4-ээр, финалд эзэн орны Алибек Осмоновыг 5:2-оор тус тус ялснаар ийнхүү алтан медалийн эзэн болов.
Т.Тулгын хувьд “Ranking Series” ангиллын тэмцээнээс гурав дахь алтан медалиа хүртэж байгаа нь энэ бөгөөд 2022 оны зургаадугаар сард Алматыд “Болат Турлыханов”, энэ жилийн хоёрдугаар сард Хорватад “Загреб Опен”-д түрүүлээд байсан юм.