-Энэ тулаан сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд мөргөлдөөн эхэлснээс эхний арав хоногт ялагч нь тодорхой болж, Хойд Солонгосын цэргийн гол хүчнүүд ухарч эхэлнэ-
“Гуам аралд цохилт өгөхийг оролдвол Хойд Солонгосын удирдагч харамсах болно” гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп анхааруулжээ. Тэрбээр өнгөрсөн баасан гаригийн орой твиттертээ “Манай армийнхан бэлэн байдалд шилжээд байгаа. Цэргийн ажиллагаа явуулах төлөвлөгөөг ч боловсруулсан. Хойд Солонгос ямар нэгэн бодлогогүй үйлдэл хийвэл үүнийг хэрэгжүүлнэ” гэж жиргэжээ.
Трамп мөн “Хэрвээ Хойд Солонгосын удирдагч Гуам, АНУ-ын нутаг дэвсгэрийн аль нэг хэсэг эсвэл Америкийн холбоотнуудын эсрэг ямар нэгэн үйлдэл хийвэл тэр үүнийхээ төлөө маг их харамсах болно гэв. Номхон далайн баруун хэсэгт орших Америкийн нутаг дэвсгэрт хамаарах Гуам арал руу дөрвөн балластик пуужин харвах төлөвлөгөөгөө энэ сарын дундуур хэрэгжүүлнэ гэж Пхеньян өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэнтэй холбоотойгоор Трамп дээрх мэдэгдлүүдийг хийв.
Түүнчлэн АНУ болон Өмнөд Солонгос жил тутмын хамтарсан цэргийн сургуулилтаа энэ сарын 21-нээс эхэлж хийнэ гэж Пентагон мэдэгдлээ. Төлөвлөснөөр нь 11 өдөр үргэлжлэх энэ цэргийн сургуулиалтад АНУ-ын 17500 алба хаагч оролцох юм. Сургуулилтын зорилго нь Хойд Солонгосын эсрэг ямар ч аюул заналхийллийг сөрөн зогсох чадвараа нэмэгдүүлж, бэлэн байдлыг хангахад оршиж байгаа аж.
Өнгөрсөн оны сургуулилтын үеэр Хойд Солонгосын шумбагч онгоцноос балластик пуужин харвасан юм. Гуам арал руу балластик пуужин харвах төлөвлөгөөгөө наймдугаар сарын дундуур гэхэд хэрэгжүүлнэ гэж Пхеньян өнгөрсөн пүрэв гаригт мэдэгдсэн билээ.
Номхон далайн баруун хэсэгт орших Гуам арал руу пуужин харвана гэж Хойд Солонгос заналхийлсэнтэй холбогдуулан Японы Батлан хамгаалах яам улсынхаа баруун нутагт пуужин замаас нь амдан сөнөөгч системүүд байрлуулав. Мөн Японы Тэнгисийн цэргийн хүчнийхэн Япон тэнгис рүү пуужин сөнөөгч хөлөг онгоц илгээжээ.
Уг хөлөг онгоцыг балластик пуужин илрүүлэгч “Aegis” радарын системээр тоноглосон аж. Тэгвэл үүнтэй холбоотойгоор АНУ-ын цэргийн шинжээч, өдгөө Чикаго Трибун сонины тоймч Дэвид Уилсоны бичсэн саяхны нэгэн материал болох “United States vs North Korea” буюу “Хойд Солонгос АНУ-тай байлдвал” нийтлэлийг товчлон сийрүүлж байна.
“Хойд Солонгосын арми байнгын өндөр бэлтгэлтэй дэлхийн хамгийн шилдэг армийн нэг. Ийм армитай хүч тулгарах нь АНУ-ын хувьд 1990-ээд оны эхээр Персийн буланд хийсэн цэргийн ажиллагаатай, даамжирвал өнгөрсөн зууны дэлхийн I, II дайнд нүүрлэсэн эн зэрэгцэх хэмжээний томоохон дайн болж түүхэнд үлдэх магадлалтай. Гэхдээ дайнд олон улсын нөхцөл байдал, геополитикийн асуудал гол түлхүүр болж, хэр их хүний цус асгарах вэ гэдгийг шийддэг.
Ямар нэгэн байдлаар хоёр улсын хурцадмал харилцаа эцсийн цэгтээ тулж тэсэрснээр цэргийн мөргөлдөөн үүслээ гэж бодоё. Үүнийг одоогийн нөхцөл байдлаар таамаглаж төсөөлөхийн хичээцгээе.
Мэдээж хэрэг АНУ-ын түүхэнд өнгөрсөн дайнуудын адилаар (иргэний дайн, Мексикийн дайныг эс тооцвол) дайн бусдын газар нутагт өрнөнө. Номхон далайн цаадах улстай дайтах туршлага АНУ-д хангалттай бий. Номхон далайг Ази тивтэй хамт хяналтандаа оруулсан Японы эзэнт гүрнийг аралд нь шахаж, үг дуугүй бууж өгөх гэрээнд гарын үсэг зурах байдалд хүргэсэн Америкийн туршлага энэ удаагийн Номхон далайн мөргөлдөөнийг шийдвэрлэх гол зүйл байх болно.
Хойд Солонгосын хувьд зэвсэг хөдөлгөвөл л Өмнөд рүү дайрчих гээд байдаг эрсдэлтэй тал бий. Хойд болон АНУ-ын хоорондын мөргөлдөөнд Сөүл өртөхгүй өнгөрнө гэдэг боломжгүй. Тиймээс АНУ болон Хойд Солонгосын дундах хагас зууны дараах тулгаралт байх болно.
Хойд Солонгосын сая хүнтэй байнгын арми далай гатлаад Америк орж чадахгүйгээс хойш Өмнөдийн хилийг нэвтэрч орохоос өөр аргагүй. Хуурай замын цэрэг нь хичнээн олон байлаа гээд Японы арлуудад хүрэхээс хэтрэхгүй тул Америкийн эсрэг агаар болон усанд л дайтах юм. Өнгөрсөн зууны дунд үед өрнөсөн Солонгосын дайн энэ удаагийнхтай зүйрлэшгүй өөр байх болно.
Хоёр Солонгос хоёулаа өндөр зэвсэглэлтэй байнгын армитай. Тив алгасагч пуужингууд аль алинд нь бий. Гагцхүү хэн сайн бэлтгэлтэй, сайн тосож устгах пуужингийн системтэй нь энд ялах юм. Гэхдээ хойдууд өмнөд рүү буу шагайгаад зогсохгүй тэд байнга зарлаж байдаг тив алгасагч пуужингуудаа Номхон далайг давуулаад шидэж л орхино.
Гэхдээ тэдний хамгийн сайн пуужингууд Америкийн нутгийг онож амжаагүй байхад Номхон далайн хаа сайгүй байрлалтай Америкийн цэргийн баазуудаас тэр пуужингууд угтан сөнөөх болно. Харин эргүүлээд пуужингийн цохилт өгөх үед Америкт тулгарах хамгийн том асуудал бол “хүмүүнлэг ёс”. Маш бага газар нутагт буй олон сая хүн хүү хүчтэй пуужин харвах нь энгийн иргэдийн амь насыг эрсдэлд хүргэнэ. Ийм асуудал үүсвэл олон улсын эсэргүүцэлтэй тулгарах тул Америк “тоочиглсон” цохилт хийхээс аргагүйд хүрэх юм.
Түүнчлэн Америкийн тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд Номхон далайд удаан зууралдсаны эцэст нь Солонгосын хойгийн тэнгист цугларах нь гарцаагүй. Нэг ёсондоо хэвтээ лууны дэргэдээс цохонд нь пуужин шагайхтай л адил. Технологийн давуу зэвсэглэлээ Америк ч бүрэн дүүрэн харуулж, Хойд Солонгосын нутагт дараалсан цохилт өгч, агаарын болон усан дайралт хийж, чадах бүхнийг дарж, Ким Жөн Уны гарыг мухарлаж орхино.
Үүнтэй зэрэгцэн ОХУ, Хятад зэрэг улс хүчний харьцааг тэнцүүлэхийн тулд олон улсын олон улсын зүгээс хүчтэй эсэргүүцэл үзүүлэх боловч дайнд шууд орчихгүй. Энэ тулаан сарын хугацаанд л үргэлжлэх бөгөөх мөргөлдөөн эхэслнээс эхний арав хоногт л ялагч нь тодорхой болж Хойд Солонгосын цэргийн гол хүчнүүд ухарч эхэлнэ.
Үүний хамгийн том хохирогч нь өмнөдийнхөн болон япончууд байх болно. Ингээд эцэст нь олон улсын шахалтанд орсон АНУ гал зогсоох хэлэлцэр санаачилснаар Ким Жөн Ун ялагчийн дүрээр ард олондоо хандаж төв телевизээрээ үг хэлнэ. Угтаа бол Пхеньян дахиж зэвсэглэх чадваргүй болтлоо улс орноо дампууруулах юм” гэжээ.
Эх сурвалж: Ц.ДАВААСАМБУУ