-Одоо дахин цоо шинэ хөтөлбөр мэндлэхгүй ээ, нэр томьёо, үг үсгээр хөөцөлдсөн өөрчлөлт ч хэрэггүй-
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, БСШУС-ын сайд Г.Чулуунбаатар өнөөдөр /2017.08.14/ боловсролын салбарын удирдах ажилтан, цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш нарын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулж, санал солилцлоо.
“Багш удирдах ажилтны уулзалт-сургалт” энэ сарын 14-19-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо үргэлжлэх бөгөөд дараах хоёр үндсэн сэдвийн хүрээнд зохион байгуулагдах юм.
Тодруулбал, наймдугаар сарын 14-16-ны өдрүүдэд “Багшийн ёсзүй, харилцаа”, 17-19-нд “Бүрэн дунд боловсролын сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг хэрэгжүүлэх аргазүй” сэдвийн дор уулзалт-сургалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Энэ удаагийн арга хэмжээнд аймаг, дүүргийн БСУГ-ын удирдлага, ахлах мэргэжилтнүүд, ЕБС, цэцэрлэгийн багш нарын төлөөлөл бүхий 30 гаруй мянган хүн хамрагдана. Тус уулзалт-сургалтад хамрагдсан сургагч багш нар орон нутаг, дүүрэгтээ дээрх сэдвээр сургалт зохион байгуулах юм.
БСШУС-ын сайд Г.Чулуунбаатарын “Багш удирдах ажилтны уулзалт-сургалт”-ыг нээж хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.
“СУРГУУЛИЙН ӨМНӨХ, БАГА, ДУНД БОЛОВСРОЛЫН ТУЛГАМДСАН АСУУДАЛ, ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГО”
Эрхэм хүндэт багш нар аа,
Эрхэм хүндэт эрдэмтэн, судлаачид аа,
Эрхэм хүндэт боловсролын ажилтан, албан хаагчид аа,
Та бүхний энэ өдрийн амар амгаланг айлтгая.
Юуны өмнө хичээлийн шинэ жилийн босгон дээр та бүхэнтэйгээ уулзаж, илэн далангүй ярилцах болсондоо сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлье. Өнөөдөр би сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын тулгамдаж байгаа асуудал, түүнийг шийдвэрлэхэд баримтлах шинэчлэлийн бодлого, үйл ажиллагааны зарчим, хийхээр төлөвлөж ажлынхаа хүрээ, чиглэлийг танилцуулж, санаа бодлыг чинь сонсож, илүү сайн ойлголцохыг гол зорилгоо болголоо.
Мөн хичээлийн шинэ жил, өвөлжилтийн бэлтгэлээ хангах ажил, цаг үеийн тулгамдсан асуудлуудаа ч хэлэлцэнэ. Энэ бүх асуудлаар та бүгдийгээ сонсоно, санал, санаачилга бүхнийг дэмжиж хамтран ажиллахыг хичээх болно.
Эрхэм хүндэт хамтран зүтгэгчид, багш, сурган хүмүүжүүлэгчид ээ,
Би боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, сайдын албан тушаалд томилогдсоноос хойш салбарын нөхцөл байдалтай анхааралтай танилцаж байна. Үүссэн нөхцөл байдлын ерөнхий дүр зураг, чиг хандлага тодорхой болж байна. Боловсролын салбарын хөгжил өөрчлөлтийн аль ч цаг үед оносон зүйл их бий , анхаарч залруулах шаардлагатай алдаа дутагдал ч бас багагүй байгаа. Үүнийг амьдрал, нөхцөл байдал надад ойлгуулж байна.
Мөн та бүхэн тодорхой мэдэж, бидэнд хэлж, бас анхааруулан сануулж байгааг ч ойлгож байна. Ийм нөхцөлд салбарын бодлого, үйл ажиллагааг удирдаж байгаа хүн ажиллах зарчимаа тодорхой ойлгомжтой байлгах нь ихээхэн чухал гэж би боддог. Тийм болохоор ажилдаа баримтлах гол зарчимыг цөөн үгээр илэрхийлж хэлье.
Нэгдүгээрт, бодлогын залгамж чанарыг хангана. Боловсролын салбарт сүүлийн 20 гаруй жил бий болсон ирээдүйтэй гэдгээ харуулж чадсан, монголын хөрсөнд үржиж соёолж чадсан дэвшилтэт бүхэн тасалдаж, тасрах ёсгүй.
Хоёрдугаарт, ямар нэг судалгааг тооцоогүйгээр, салбарынхаа ажилтан, багш, суралцагсад, эцэг эхчүүдийнхээ санаа бодлыг сонсож хэлэлцүүлэхгүйгээр муйхар өөрчлөлт, дур зоргын шийдвэр гаргаж болохгүй.
Гуравдугаарт, багш боловсролын салбарын ажилтууд, суралцагсдын хөдөлмөр бодитой, шударга үнэлэгдэх учиртай. Энд ямар нэг хэлбэрийн ялгаварлал, субьектив хандлага байж таарахгүй.
Дөрөвдүгээрт, багш нар, манай салбарын ажилтан ажилтнууд ногдсон ажил үүргээ хэвийн сайн гүйцэтгэх нийгмийн баталгаагаар хангагдсан байх ёстой. Энэ нь улс орны эдийн засаг, санхүүгийн боломжтой уялдахаас өөр аргагүй.
Тавдугаарт, бүх шатанд эрх хийгээд үүргийн, хөдөлмөрийн сахилга хийгээд хариуцлагын, хууль хийгээд ёс суртахууны зохистой нэгдэл хангагдаж байх нь чухал. Энд төвлөрөл бие даасан байдлын зохистой харьцаа хадгалагдах ёстой. Энэ таван гол зарчимыг салбарынхаа ажилд хэвшүүлэхийг би хичээн зүтгэх болно.
Боловсролын салбарын хөгжил, өөрчлөлтийн ойрын ирээдүйн явах зүг, хүрэх түвшин бидэнд тодорхой байгаа. Энэ бол юуны өмнө Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн зорилтууд мөн. Үүнийг та бид үр дүнгийн гэрээ, сургууль хамт олноо хөгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөндөө нэгэнт тусгаж баталгаажуулсан билээ.
Боловсролын салбарт тодорхой шинэчлэл шаардлагатай гэдэгтэй маргах хүн бараг байхгүй. Харин юуг? Яаж? гэдэг дээр ярилцаж ойлголцох олон асуудал бий. Бид бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх, зарим нэг хүнийг халж солих төдийг шинэчлэл гэж ойлгодог гэнэн төсөөллөөс салах учиртай. Шинэчлэл нэрээр хий хоосон бужигналдаад байх шаардлагагүй. Өөрчлөлт шинэчлэлийн гол зүйл бол сэтгэлгээ, хандлага, ажлын арга барил, удирдлагын менежментийн хүрээнд хийгддэг зүйл. Бид өнөөдөр чухамхүү ийм шинэчлэлийн тухай ярилцахыг зорьж байна.
Юуны өмнө үр дүнд суурилсан үнэлгээний стандарттай болох чиглэлээр дорвитой шинэчлэл хиймээр байна
Өнөөгийн монголын боловсролын хамгийн эмзэг, хамгийн сул зүйл бол үнэлгээний асуудал болж байна. Манай боловсролын үнэлгээний шаардлага, шалгуур, хэмжигдэхүүн, арга хэрэгсэл, арга зүй, тогтолцоо оновчтой бус, ойлгомжгүй, зарим тохиолдолд бараг ор нэрийн төдий зүйлс ч цөөнгүй байна.
Бид сургалтын хөтөлбөрийг ч, сурагчийг ч, багшийг ч, байгууллагыг ч, үйлчилгээнийхээ үр дүнг ч бодитой, тодорхой, бүрэн үнэлж чадахгүй байна. Багшийн дүн үнэн байдаг, шалгалтын дүн бодитой байдаг ил, тод нээлттэй шалгалтын систем, тогтолцоотой болох шаардлага бидний хойш тавьж боломгүй шинэчлэлийн зорилт болоод байна. Үр дүн, стандартад суурилсан үнэлгээний систем, тогтолцоотой болох зорилгод нийцүүлэн үнэлгээний шинэчлэлийг хийж, үр дүнгээ бодитой, тодорхой, үнэн үнэлдэг болохын төлөө хамтаараа хүчин чармайлт гаргахыг та бүхэндээ уриалж байна.
Бие даасан, ил тод, нээлттэй удирдлага, менежметтэй болох нь шинэчлэлийн бодлогын гол зорилтын нэг мөн
Таны хүүхэд сургуульд хэрхэн сурч байна вэ? Таны хүүхэд юу сурч, юу чаддаг болж байна вэ? Таны хүүхдийн багш, сургалтын менежер, захирал үр дүнтэй ажиллаж чадаж байна уу? Таны хүүхдийн сургуулийн сургалтын чанар, үр дүн ямар байна вэ? Таны сум, дүүрэг, аймгийн сургалтын чанар, үр дүн нь сайн байна уу аль эсвэл…? Ахиц өөрчлөлт байна уу? гэдэгт хариулт, мэдээлэл авах ил, тод байдлыг хангахын төлөө ажиллах ёстой. Багш, захирал, даргын гээд бүх л хүний ажлын үр дүн, ахиц, өөрчлөлт нь түүний үйлчилгээ, ажлын үр дүн шууд хэрэглэгч, олон нийтийн өмнө ил тод нээлттэй байдаг тийм ойлгомжтой тогтолцоо бүрдүүлхийн төлөө хамтдаа зүтгэж ажиллацгаая. Энд сурагч, багш, сургууль, боловсролын хэлтэс, газрын гээд боловсролын бүхий л мэдээллийг багтаасан Боловсролын удирдлага, мэдээллийн системийг бий болгох асуудал хамаарна. Ийм системтэй болсноор төрийн бүхий л өмч, хөрөнгө, түүний ашиглалт, төсөв, санхүүжилт, ажлын үр дүн, эдийн засгийн үр ашгийг тооцох боломж бүрдэх болно.
Нөхцөл байдлын тухай бүрэн хэмжээний мэдээлэлтэй, тасралтгүй, тогтмол дүн шинжилгээ хийдэг системтэй болсноор боловсролын үйл явцыг ухаалгаар жолоодож, боловсролын үйлчилгээг үр дүнтэй, өгөөжтэй болгоход чухал алхам болно гэж үзэж байна. Байгууллага, сургууль, хамт олны бие даасан байдлыг бодитой хангахын тулд сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгч, боловсролын хэлтэс, газрын дарга нарт өөрсдийн түвшинд шийдвэрлэх шаардлагатай цалин хөлс, томилгоо, санхүү, төсвийн, захиргааны удирдлагын бололцоотой бүх эрхийг шилжүүлэх нь зүйтэй. Харин шилжиж буй аливаа эрх мэдлийг хэрэгжүүлэхдээ олон нийт, хэрэглэгчийн хяналт, хууль, тогтоомжоор заагдсан хүрээ хязгаарын дотор хариуцлагатай ажиллахыг шаардах болно.
Сургууль, багш нарт академик эрх чөлөөг, хариуцлагын хамт шилжүүлэх нь шинэчлэлийн бодлогын нэг чухал чиглэл гэж үзэж байна
Манай улс 2005 оноос эхлэн 11 жилийн тогтолцоонд, 2008 оноос эхлэн 12 жилийн тогтолцоонд шилжиж, хүүхдийг зургаан настайгаас нь сургуульд элсүүлж, ерөнхий боловсролын бүтэц, тогтолцооны хэлбэрийн хувьд дэлхий дахины нийтлэг жишигт улам бүр ойртож байна. Суралцагчдад мэдээлэл дамжуулах, шинжлэх ухааны судлагдахуунд суурилсан саланги тусдаа мэдлэг олгох сургалтын зарчмаас мэдлэг бүтээлгэж эзэмшүүлэх, бүтээлч сэтгэлгээтэй, бодит ур чадвартай болгоход чиглэгдсэн байдлаар сургалтын агуулга хөтөлбөр, үнэлгээ, арга зүйг өөрчлөн шинэчлэх ажлыг ерээд оны төгсгөлөөс эхлэн өнгөрсөн 16-18 жилийн хугацаанд хэрэгжүүлж ирсэнийг та бүхэн сайн мэдэж байгаа.
Агуулгын өөрчлөлт хийх өөр нэг зайлшгүй хэрэгцээ нь 10 жилээс 12 жилийн сургалтын тогтолцоонд шилжсэн, сургуульд элсэх нас 8 наснаас 6 нас болж өөрчлөгдсөнтэй холбоотой байсан гэдгийг бид ойлгож байгаа.
Манай улсад 1990-ээд он хүртэл дунд сургуулийн сургалтын хөтөлбөрийг “Хичээлийн программ” гэж нэрлэж байсан.
1998 оноос бага, дунд боловсролын агуулгын стандарттай болж, сургалтын хөтөлбөрийг “Цөм хөтөлбөр” гэж нэрлэсэн.
2004 оноос цогц чадамжид суурилсан бага, дунд боловсролын стандарт хэрэгжсэнээр сургалтын хөтөлбөрийг “Агуулгын үлгэрчилсэн хүрээ”, 2007 оноос “Үндэсний хөтөлбөр”, 2010 оноос “Сургалтын хөтөлбөр”, 2014 оноос “Цөм хөтөлбөр” гэж нэрлэж байна. Энд зөвхөн нэр өөрчлөгдсөн төдий биш гэдгийг та бид мэдэж байгаа. Гэхдээ манай боловсролын агуулга үндсээрээ эвдэрч олон улсын нийтлэг жишгээс гажаагүй гэдэгтэй санал нийлэх болов уу. Одоо дахин цоо шинэ хөтөлбөр мэндлэхгүй ээ.
Нэр томьёо, үг үсгээр хөөцөлдсөн өөрчлөлт ч хэрэггүй. Бас ямар нэгэн туршилт гээч зүйлийг хийхгүй ээ. Боловсролын аливаа ноу хау, инноваци, технологийн туршилтыг шууд сургууль, хүүхдүүд дээр хийгээд байх тийм бодит хэрэгцээ байхгүй гэж үзэж байна. Өнгөрсөн хугацаанд сургалтын хөтөлбөрийн талаар хангалттай их өөрчлөлт, шинэчлэл хийжээ. Одоо байгаа хөтөлбөрөө үнэлж, хэрэгжих баталгааг нь хангаж, боловсронгуй болгох ажлыг гүйцээхэд голлон анхаарна. Нэгэнт бий болгочихсон зүйлээсээ хэрэгтэйг нь бататгана. Шалгуур даагаагүй, манайд тохирохгүйгээ нэгэнт харуулсан зүйлийг нь засаж залруулна.
Ямар нэгэн туршилт гээч зүйлийг хийхгүй ээ.
Цаашдаа монголын боловсролын тогтолцоо харьцангуй урт хугацаанд тогтвортой үйлчлэх тийм хувилбарыг бий болгож бэхжүүлхийн төлөө ажиллах болно. Энд та бүхний оролцоо, идэвхи санаачилга нэн чухал гэдгийг зориуд онцолмоор байна.Өнөөдөр боловсролын үндсэн асуудал нь сургалтын чанар болоод байна.
Сургалтын чанар нь сургалтын хөтөлбөрөөс биш, үндсэндээ сургалтын зохион байгуулалтаас хамаарч байгаа гэсэн дүгнэлтийг бид хийж байгаа. Одоогийн байдлаар ЕБС-ийн сурагчдын ачаалал нэн өндөр, олон тооны хичээлийг хүүхэд бүр заавал үздэг, тэгээд чанар, үр дүн нь хангалттай биш хэвээр байна.
Сургалтыг хэрхэн, яаж зохион байгуулахыг дээрээс тогтоосон, хатуу, нэг загвартай, хэт баригдсан байдлыг халж, суурь стандартын хүрээнд боломжтой бүх эрх мэдлийг багшид, сургуульд шилжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Энд эрх чөлөө, хариуцлага хамтадаа шилжих бөгөөд ийм бололцоог хангасан сургалтын төлөвлөгөөний шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлага бий болно гэсэн үг.
Тухайлбал, ахлах ангид сурагчид сонирхол хэрэгцээ, ирээдүйд эзэмших мэргэжлийн сонголтод суурилсан, уян хатан сургалтын зохион байгуулалттай болж, нэг сурагчийн заавал үзэх хичээлийн тоог бууруулж, сонголтын хичээлийн тоо, боломжийг өргөжүүлж болох юм. Манай боловсролын тогтолцоо нэлээд онцлогтой. Өнөөгийн байдлаар Монголын сургууль бүр адилхан биш байна.
Бид нөхцөл, бололцооны хувьд ондоо, байгаль, цаг агаар, амьдрал, ахуйн хэв шинж эрс өөр, дэд бүтэц, харилцаа холбоо, нийгмийн үйлчилгээ, амьдралын чанар, багшлах боловсон хүчний мэргэжлийн чадварын хувьд ялгаатай сургуулиудтай байна. Ийм ялгаатай нөхцөлд нийтлэг зорилготой боловсролын үйлчилгээг хэрхэн адил тэгш боломжтойгоор хүргэх вэ? Энэ бол боловсролын яам, монголын боловсролын институцуудын хувьд томоохон сорилт, маш нухацтай судалж шийдвэрлэх том асуудал юм. Үүнийг шийдвэрлэхиййн тулд нэг талаас, мэдээлэл, холбооны технологийг боловсролд өргөнөөр нэвтрүүлэх, нөгөө талаас, орон нутаг, сургуулийн бие даасан байдлыг хангах, сургууль, багш нарт эрхийг шилжүүлэх арга замыг оновчтой хэрэгжүүлэх шаардлагатай юм.
Хүүхдийг монгол хүн болгож, монголын соёл, уламжлал, үндэсний дархлааг бэхжүүлэх нь аль ч үеийн шинэчлэлд улаан шугам болгож баримтлах бодлогын стратеги байх ёстой
Боловсрол бол зөвхөн хүнд мэдлэг олгоход чиглэгдэх ёсгүй. Ерөнхий боловсролын сургуулийн эрхэм дээд зорилго нь хүүхдийг Монгол хүн болгон төлөвшүүлж, дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг хөгжүүлэхэд чиглэгдэх ёстой. Өнгөрсөн хугацаанд мэдлэг олгоход түлхүү анхаарч, хүүхдийг хүн болгож хүнийг төлөвшүүлэх тал дээр бага анхаарч ирсэн. Хэчнээн өндөр мэдлэг, боловсролтой ч зөв хандлага, ёс суртахуун, хүмүүжилгүй хүмүүс олширвол боловсролын байгууллагын үндсэн зорилго хангагдахгүйд хүрнэ. Ийм учраас хүүхдийг зан заншил, ёс суртахууны хувьд төлөвлшүүлэх нь манай боловсролын анхаарч шийдвэрлэх ёстой нэгэн үндсэн асуудал болоод байгаа юм.
Нэг сурагчийн заавал үзэх хичээлийн тоог бууруулж, сонголтын хичээлийн тоо, боломжийг өргөжүүлж болох юм.
Монгол хэлний сургалтын хэтэрхий хэл зүйжсэн, хэт дүрэмжсэн хандлагыг өөрчилж, сурагчдыг монгол хэлний хэрэглээний бүрэн чадвартай болгох монгол хэлний цогц шинэчлэлийг хэрэгжүүлэх шаардлага бий болжээ. Монгол хэлний хичээлийн зорилгыг бичиг үсэгт тайлагдаж, бичиг үсэг, харилцааны чадварыг хөгжүүлэх төдийгүй монгол хүний сэтгэлгээ, үндэсний дархлааг хөгжүүлдэг байдлаар өргөжүүлхэд гол анхаарлаа хандуулах нь чухал байна.
Уран зохиолын хичээлийг монгол хэлний хичээлийн дадлага хичээл, хавсрага хичээл гэж үздэг явцуу үзэл баримтлалыг өөрчлөх ёстой. Уран зохиолын хичээлийн зорилго, агуулгыг монгол өв уламжлал, ёс заншил, соёл, түүхийг таниулдаг, өвлүүлдэг, эх оронч, үндэсний бахархал, дархлааг хөгжүүлдэг байдлаар өргөжүүлэх ёстой. Өөрөөр хэлбэл уран зохиолын хичээлийг бие даан судалдаг байх, Монголын түүхийн хичээлийг бүх ангид үздэг байхаар өөрчлөх нь зүйтэй гэж үзэж байна.
Боловролын шинэчлэлийн ачааны хүндийг гагцхүү багш нар үүрч гардаг учраас багшийн хөгжлийг цогц байдлаар хангах нь бодлогын төвд байх ёстой асуудал мөн
Улсын үндэс, хөгжлийн хөдөлгөгч хүч нь эрдэнэт хүмүүн байдаг. Улсын хөгжил хүнээс хамаарч, хүний хөгжил багшаас шалтгаална. Шавийн эрдэм багшаасаа ч гэдэг үг бий. Монголчууд багш, ном хоёрыг эрхэмлэн дээдэлдэг нандин уламжлалтай ард түмэн. Ийм эрхэм чухал бөгөөд өндөр хариуцлагатай үүргийг манай үе үеийн багш нар нэр төртэйгээр биелүүлж, Монгол Улсын түүхийн хөгжил дэвшлийн үе шат бүхэнд хөгжлийн хөтөч болж ирсэн бахдам гавьяатай гэдгийг юуны өмнө тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.
Багш нарын цалингийн тухайд
Монгол Улсын Төр, Засгийн газраас багшийн ажиллах нөхцөл бололцоог хангах, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар ямагт анхаарч ирсэн. Цаашид ч анхаарч ажиллана гэдэгт эргэлзэх зүйлгүй. Монгол Улсын Төр, Засгийн газрын боловсролын бодлогын суурь зарчим нь ч багшийн хөгжлийг хангаж, чанартай боловсролыг хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа гэж үзэж болно. Сүүлийн үед багшийн цалин хөлсний талаар нийгмийн мэдээллийн сүлжээ, хэвлэл, мэдээллээр хэлэлцүүлэг явж байна. Багшийн цалин хөлсний талаар зарим мэдээллийг өгч, цаашид энэ талаар баримтлах бодлогын чиглэлийн талаар санал, бодлоо хуваалцъя.
Төр, Засгийн газраас багшийн ажиллах нөхцөл бололцоог хангах, цалин хөлсийг нэмэгдүүлэх талаар ямагт анхаарч ирсэн. Цаашид ч анхаарч ажиллана.
Одоогийн байдлаар татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлсний дараа багш нарын авч байгаа бодит цалин хөдөөд 490.235 – 844.782 төгрөг, хотод 487.587 – 823.960 төгрөг байна.
Монгол Улсын 2017 оны нийт төсвийн 17.3 хувь буюу улсын нийт төсвийн бараг 5.0 төгрөг тутмын 1.0 төгрөг болох 1.1 их наяд төгрөгийг боловсролын салбарт зарцуулж байна. Боловсролын салбарын нийт төсвийн 54.4 хувь болох 598.6 тэрбум төгрөг нь ерөнхий боловсролд буюу ерөнхий боловсролын сургуулиудад ногдож байна.
Ерөнхий боловсролын салбарын 2017 оны нийт төсвийн 68.3 хувь болох 408.6 тэрбум төгрөг багш, ажиллагсдын цалин, хөлсөд ногдож байна. Улаанбаатар хотын тодорхой нэг сургуулийн төсвийн хагас жилийн гүйцэтгэлээс нь үзвэл тухайн сургуулийн нийт төсвийн 74.1 хувийг багш, ажиллагсдын цалин, хөлсөнд, 8.1 хувийг ажил олгогчоос нийгмийн даатгалд төлөх шимтгэл эзэлж байна.
Багш нарын авч байгаа бодит цалин хөдөөд 490.235 – 844.782 төгрөг, хотод 487.587 – 823.960 төгрөг.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт цалин, тэтгэвэрийг үе шаттай нэмэгдүүлэх зорилт тусгагдсан байгаа. Улс орны эдийн засагт гарч байгаа өөрчлөлтийг дагалдаж багшийн цалин, хөлс ч цаашид нэмэгдэх ёстой гэдэгтэй санал нэг байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам юуны өмнө батлагдсан төсөв, түүний хуваарилалт, гүйцэтгэлд үзлэг, хяналт хийнэ. Одоо бидэнд байгаа зарим мэдээллээр зарим аймаг багш нарын улирлын үр дүнгийн урамшууллыг олгоогүй, батлагдсан, хуваарилагдсан төсвийг зориулалтын дагуу зарцуулаагүй асуудал байна.
Багшийн хөдөлмөрийн үнэлэмж, ачааллыг холбогдох мэргэжлийн байгууллагуудтай дахин судалж үнэлэлт өгнө. Багшийн цалин хөлсийг тооцож олгох журам, багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журам, багшийн ажлын үр дүнг үнэлэх журмуудын хэрэгжилтийг хянан дүгнэж, холбогдох өөрчлөлтийг оруулна.
Ажлын үр дүн нь цалин хөлстэй нь шууд хамааралтай байхаар багшийн цалин, хөлсний зохицуулалтыг эргэж харна.
Юутай ч эхний ээлжинд цалингийн сандаа багтааж хэн сайн ажиллаж байна, тэр багш илүү цалин авах зохицуулалтыг бий болгох шаардлагатай гэж үзэж байна. Багшийн цалин хөлсний шинэчлэлийг цэцэрлэг, сургууль, багш нараар нээлттэйгээр хэлэлцүүлж, хамтран шийдвэрлэнэ.
Сургалтын тав тухтай, стандарт шаардлага хангасан орчин, хэрэглэгдэхүүн чухал гэдэг нь ойлгомжтой. Өнөөдөр багшийн мэргэжлийн ур чадвар, арга туршлагыг хөгжүүлэх нь бүр ч илүү чухал болж байна. Багшид оруулах оюуны, арга зүйн, мэргэжлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлнэ.
Институцад суурилсан боловсролыг хөгжүүлэх явдлыг салбарын шинэчлэлийн чухал чиглэл гэж үзэж байна
Боловсрол мэргэжлийн байх ёстой. Боловсрол өөрөө шинжлэх ухаан, бас мэргэжлийн үйл ажиллагаа. Иймд боловсролын хөгжлийн бодлого зохицуулалтыг хэрэгжүүлдэг мэргэжлийн институциудын чадавхийг бэхжүүлэх шаардлагатай. Боловсролын Хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институци, Боловсролын газар, хэлтсүүдийн байгууллагын болон мэргэжлийн чадавхийг бэхжүүлэх чиглэлээр техник туслалцааны болон хөрөнгө оруулалтын хөтөлбөрийг хэрэгжүүлнэ.
Өргөн уудам газар, нутагтай, орон нутгийн зам харилцаа нь хүнд нөхцөлд ажилладаг Боловсрол, соёл, урлагийн газрынхныг туулах чадвартай унаа, тээврийн хэрэгслээр хангах, ажиллах нөхцөл бололцоог дээшлүүлэх талаар анхаарал хандуулан ажиллахаар төлөвлөж байна. Лаборатори сургуулийг тойрсон янз бүрийн яриа цөөн биш гардаг. Энэ тухай тал бүрээс нь ярилцах шаардлага бий. Ерөнхий боловсролын лаборатори сургуулиуд нь өргөн уудам, нутаг, дэвсгэртэй монгол орны хувьд боловсролын нэгэн чухал институци болж байна.
Ерөнхий боловсролын лаборатори сургууль нь сургууль төдийгүй боловсролын шинэ туршлага, ноу хау, инновацийг хөгжүүлдэг, технологийг үйлдвэрлэлд нэвтрүүлж, дамжуулдаг лаборатори байх үүрэгтэй үүнийхээ төлөө нэмэлт цалин, урамшуулал авдаг институт.
Мөн ерөнхий боловсролын лаборатори сургууль орон нутгийн сургуулийн багш нарт сургалтын шинэ технологи, арга зүйг сургадаг орон нутгийн сургалт-арга зүйн бааз сургууль юм. Энэ үндсэн дээрээ сургууль бүр энэ чиг үүргээ хэрхэн хэрэгжүүлж байгаад үнэлгээ хийх ёстой.
Ерөнхий боловсролын лаборатори сургуулийг орон нутгийн боловсролын судалгаа-арга зүйн төв болгох, багш нарыг судлаач-багш, сургагч-багш, багшийн багш болгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд онцгой анхаарна.
Сургуулийн өмнөх боловсролын асуудал салбарын шинэчлэлд онцгой байр суурь эзлэх ёстой
Сургуулийн өмнөх нас бол хүүхдийн хөгжлийн хамгийн эрчимтэй, хүний төлөвшлийн суурь чухал үе билээ. Бага насны хүүхдийн төрөлхийн сониуч байдал, суралцах хүсэл сонирхлыг хадгалан батжуулж, тэдэнд зан чанар, харилцааны үнэт зүйлсийг эзэмшүүлж, эрүүл чийрэг өсгөн бойжуулах нь цаашдын хөгжил, сурч боловсроход нь үнэтэй суурь дэвсгэр болдог.
Багш нарт хүүхэд бүрд хүрч ажиллах боломж олгох, цэцэрлэгт явагдаж буй хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагааны чанарыг сайжруулахад дэмжлэг үзүүлэх үүднээс зарим цэцэрлэгийн нэг ангид байх хүүхдийн тоо норм хэмжээнээс хэт олноор давсан тохиолдолд нэг туслах багш нэмж ажиллуулна.
Ер нь цаашдаа нэг ангид байх хүүхдийн тоог норм хэмжээнд нь барьж ажилласнаар багш, хүүхдийн эрүүл мэнд, сургалт хүмүүжлийн ажлын үр дүнд сайнаар нөлөөлнө.
Багш нар ажлын байрандаа хөгжих, Сургуулийн өмнөх боловсролын сургалтын цөм хөтөлбөр (2015 он)-ийг бүтээлчээр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийн тулд төв, орон нутгийн мэргэжилтнүүд цэцэрлэгүүдэд ажиллан зөвлөн туслах, багшийг мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх мэдээлэл, материалаар хангах, амжилт, туршлагуудыг түгээн дэлгэрүүлэх, мэргэжил дээшлүүлэх ажлыг багш, удирдах ажилтнуудын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн чанартай явуулах зэрэг олон талт ажлыг зохион байгуулах шаардлагатай. Үүний зэрэгцээ багш бүрийг зөөврийн компьютерээр ханган, цэцэрлэг бүрийг интернэтэд холбож үйл ажиллагааны зардлыг улсын төсвөөс хариуцах боломжийг судалж шийдвэрлэх шаардлагатай байна гэж үзэж байна.
Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн улсын дундаж үзүүлэлтийг нас тус бүрээр тогтоон баталгаажуулж, тэрхүү үзүүлэлтийг хүүхэд бүрд эрэлт хэрэгцээнд нь нийцсэн дэмжлэг үзүүлэх, багш нар сургалтаа үр дүнтэйгээр төлөвлөн явуулахад чухал хэрэглэгдэхүүн болгон ашиглуулна. Үүнтэй холбоотойгоор багш нарын хүүхэд бүрийн хөгжлийг ажиглах, баримтжуулах чадварыг сайжруулахад онцлон анхаарах шаардлагатай.
Цэцэрлэг, сургууль, дотуур байр бүрт ундны усны эрүүл мэнд, эрүүл ахуйн шаардлага хангасан үйлчилгээг бий болгохыг онцлон анхаарах шаардлагатай байна. Сургууль, дотуур байр бүрийг стандарт хангасан “боловсон” бие засах газартай болгоё.
XXI зуунд бяцхан хүүхэд, охидуудаа гадаа бие засах газартай байлгамааргүй байна. Судалгаа, тооцоог нь хийе. Хөрөнгө санхүүг нь босгоё. Үүний төлөө хамтын хүчин чармайлт гаргахыг уриалж байна.
Хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох нь салбарын шинэчлэлийн чухал зорилтын нэг мөн
Боловсрол, сургалтын байгууллага, оролцогчдын эрх, үүргийг тодорхойлсон төдий бус боловсролын үйлчилгээний процессыг зохицуулсан, чанартай, үр дүнтэй боловсролын үйлчилгээг зохион байгуулах нөхцлийг бүрдүүлсэн, боловсролын хөгжлийн хэрэгцээг хангах ухаалаг зохицуулалттай эрх зүйн орчинг бий болгоно.
Боловсролын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-ын 2017 оны намрын чуулганы хугацаанд өргөн барина.
Эрхэм хүндэт багш нар аа,
Монгол Улсад газар нутгийн, байгалийн, эрдэс баялгийн, хөдөө аж ахуйн, түүх, соёлын гээд зарим талаар бусдад байхгүй их өв, нөөц баялаг байна. Мөн бидэнд оюун санаа, сэтгэлгээ, мэдлэгийн ч их нөөц байна. Гэхдээ байгаа энэ их нөөцөө хэрхэн үнэ цэнэтэй бодитой баялаг, орлого болгох вэ?, Иргэд ард түмний сайн сайхан амьдралын тогтвортой баталгааг хэрхэн хангах вэ? гэсэн хөгжлийн мөнхийн асуудал бидний өмнө байнга тулгарч байна. Тулгарсаар ч байх болно.
Манайх шиг цөөхөн хүн амтай, далайд гарцгүй, дэлхийн хамгийн нөлөө бүхий улс төр, эдийн засагтай хоёр их гүрний дундах улс орон ямар баялгийг бүтээж, юугаараа орлого хийж, юугаараа оршин тогтнож, юугаараа дэлхийн эдийн засгийн их өрсөлдөөнд өөрийн байр суурьтай болох вэ?. Өндөр мэдлэг, технологид суурилсан өрсөлдөх чадамжтай үндэсний үйлдвэрлэл, эдийн засгийг хэрхэн бий болгох вэ? Эдгээр асуултын хариултыг боловсролыг дэмжих үзэл баримтлалын өнцөгөөс харах цаг аль хэдий нь болсон байна.
Эрдэс баялгийн хязгаарлагдмал нөөцөд тулгуурласан хөгжлийн хандлагаас хүний оюуны хязгааргүй нөөцөд суурилсан хөгжилд шилжих нь аливаа улс, үндэстний тогтвортой хөгжлийн үндэс болно гэдгийг хөгжил, дэвшилд хүрч байгаа улс орнуудын ололт, амжилт, хөгжиж буй буурай улс орнуудын сургамжит түүхийн аль аль нь нотлон харуулсаар байна. Манай улсын нөхөн сэргээгддэггүй байгалийн эрдэс баялгийн харьцангуй их нөөцийг эдийн засгийн эргэлтэд оруулах нь эдийн засгийн агуулгаараа хөгжлийн бодит боломж, эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах нөөцийн эх үүсвэр бий болох боловч хөгжлийг хөтлөгч үндэсний байнгын эрчим хүч, тасрашгүй эх сурвалж нь болж чадахгүй гэдгийг бид хүлээн зөвшөөрч байгаа билээ.
Өнөөдөр хөгжлийн тухай үзэл, хандлагын өөрчилж хүний оюуны чадавхи хүч боломжид тулгуурласан хөгжлийн шинэ гарц хэрэгтэй болжээ. Хөгжлийг бүтээж, хөтөлж явах чадамжтай монгол хүнийг хөгжүүлэх нь Монгол Улсын хөгжлийн үндсэн гарц, суурь бодлого байна гэдгийг өнгөрсөн хоёр арав гаруй жилийн бидний нэн шинэ түүх, өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээ тодорхойлж байна.
Монгол өрх гэр бүл бүрийн сайн сайхан, амар түвшин амьдрал, улс үндэсний хөгжлийг эрүүл, чийрэг, эрдэм боловсролтой, ажилтай, орлоготой, өрсөлдөх чадвартай, бүтээлч монгол хүн, монгол иргэд бий болгоно. Түүнд хүрэх зам нь боловсрол байх болно гэдэгтэй хэн ч маргахгүй үнэн болоод байна. Боловсрол нь нийгмийн тэргүүлэх салбарын түвшний биш Монгол Улсын үндэсний хөгжлийн тэргүүлэх эрх ашиг болоод байна. Өнгөрсөн зуунд үр дүнтэй байсан байж болох боловсрол, сургалтын зохион байгуулалт өнөөгийн болон ирээдүйн боловсролын хөгжлийн хэрэгцээнд хангалттай хариу өгч чадахгүй байгааг зөвшөөрөх цаг нь болжээ. Боловсролын хэрэгцээ, шаардлага хурдацтай өөрчдөгдөж байгаагийн хирээр бид мөн хурдан өөрчлөгдөх шаардлагатай болж байна.
Монголын багш нар, эрдэмтэн судлаачид, та бидний өмнө хийх ажил их байна. Бид хамтдаа хийж чадна гэдэгт бүрэн итгэлтэй байна.
Боловсролыг авч явах эзэд нь багш нар та бүхэн, боловсролын эрдэмтэд, судлаачид, ажилтан албан хаагчид та бүгд өөрсдөө билээ.
Багшдаа суурилсан боловсрол хөгжинө. Улсын хөгжил хүнээс, хүний хөгжил багшаас хамаарна.
Та бүхэнд гүн хүндэтгэл илэрхийлж, их амжилтыг хүсэн ерөөе.
Эх сурвалж: БСШУСЯ
2 comments
Sain bn uu. Bagsh nar tsalin bagatai ni vnen. Tur zasgaas angiudiin zaswar tsewerlegeenii sawan bok bichig hereglel prentriin hor utasni tulbur zerhiig ni shiidej uguh ni zvitei gej bodogddog huwiin hewshliinhen gehed ajliin huwtsas udriin 3 hool awtobus unaa beelii huliin oroolt zergiig ugdug ajillah bolomjoor bvren hangagddag tsalin undurtei bh yu getel bagsh nar angi zaswar angiin tsewerlegeeniihee asuudliig etseg ehteigee hamtarch shiideh yum ene ni bagsh nar mungu tatdag gesen todotgoltoi bolgodog
sain bnu ulsaas ugch bgaa tsetserlegiin huuhdiin hoolnii 1650 tugrugiig etseg ehchuudees garguulj ter munguu bagsh nariin tsalind zartsuulj bolohgui yu. Etseg ehchuud huuhduudiinhee umnu uureg huleeh ni chuhal.Etseg ehchuud ajilaad huuhdee unegui tsetserleg surguulid uguud undur tsalin avaad bdag bagsh nar hund nuhtsuld ajilaad baga tsalin avaad bdag bagsh bid chin hun yum bgaa bizdee eniig bodoj uzeerei