УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Кувейтийн сангийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч хатагтай Иман Абдулраззакийг Төрийн ордонд хүлээж авч уулзлаа. Хоёр улсын эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцсон уг уулзалтанд Кувейт улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Мохаммад Альмутайри, Кувейтийн сангийн Зүүн болон Өмнөд Ази, Номхон далайн орнуудын асуудал хариуцсан менежер Юсеф Аль-Бадер, тус сангийн Сурталчилгаа, маркетинг, үзэсгэлэн хариуцсан газрын дарга Салех Аль-Такуй болон ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар оролцсон.
Эрүүл мэндийн сайд С.Чинзориг уулзалтын эхэнд Кувейтийн сангаас буцалтгүй тусламжийн хүрээнд 8.0 сая ам.долларын санхүүжилтийг шийдвэрлэснээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн харьяа Түлэнхийн төвийн шинэ барилга ашиглалтад орж, хүн амд түлэнхий, осголт, хөлдөлтийн үеийн тусламж үйлчилгээ авах боломжийг бүрдүүлсэнд Эрүүл мэндийн сайдын хувиар болон Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлэв.
Тэр Бээр Түлэнхийн төвийн үйл ажиллагаа нь бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлснээр Гэмтэл согог судлалын үндэсний төвийн ачааллыг 30 хувиар бууруулж, түлэгдэлт, осголт хөлдөлтийн үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг өндөр түвшинд үзүүлэн түлэгдэлт, осголт хөлдөлтийн улмаас гарах хүндрэл, нас баралтыг бууруулах, хүндрэлтэй тохиолдлуудад нөхөн сэргээх мэс заслыг хийх боломж нэмэгдсэн болохыг тэмдэглээд цаашид хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлж, тэр дундаа эрүүл мэндийн салбарт хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн, боловсон хүчнийг чадавхжуулах чиглэлд хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Онцгойлон Кувейтийн сантай хоёр төсөлд хамтран ажиллах хүсэлтээ Эрүүл мэндийн сайд уулзалтын үеэр тавьсан. Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Хавдар судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг болон Эрхтэн шилжүүлэн суулгах төвийг байгуулахаар тусгасан. Энэ хоёр эмнэлгийг барих газрыг хотын захиргаанаас шийдсэн, зураг төсөл нь бэлэн хэдий ч санхүүгийн хүндрэлтэй байдлаас шалтгаалан өнөөг хүртэл шийдэгдэхгүй байгаа юм.
Монгол Улсын хувьд хавдрын өвчлөл өндөр, хавдраас шалтгаалдаг нас баралтын тоогоор дэлхийд дээгүүрт орж байгаа. Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээллээр 100 мянган хүн амд ногдох хорт хавдрын өвчлөл 2022 онд 206.1, нас баралт 136 байсан нь дэлхийн дунджаас өндөр байгаа ба сүүлийн 10 жилд хорт хавдрын тохиолдол тогтмол нэмэгдэж, өнгөрсөн онд хавдрын 6,885 шинэ тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь хожуу шатанд оношлогдсон.
Хавдрын хожуу шатанд оношлогдсон өвчтөнүүдэд эрхтэн шилжүүлэн суулгахаас өөр эмчилгээ байдаггүй ба эрхтэн шилжүүлэх мэс засалд орохын тулд 2 хүртэл жил хүлээх нөхцөл байдал үүссэн. Өнөөдрийн байдлаар л гэхэд элэг шилжүүлэн суулгах мэс засалд 460, бөөр шилжүүлэн суулгах мэс засалд 550 өвчтөн орохоор хүлээж байгаа юм. Хэдийгээр манай улс эрхтэн шилжүүлэн суулгах үндэсний багтай болж, эмч, мэргэжилтнүүдийн чадавх бэхэжсэн ч өөрийн гэсэн байргүйгээр өвчтөнүүд удаан хугацаагаар хүлээж, зарим тохиолдолд амь насаа алдах тохиолдол ч гарах эрсдэлтэй тулгараад байгаа юм. Тиймээс Хавдар судлалын үндэсний төвийн салбар эмнэлэг болон Монгол Улсын анхны эрхтэн шилжүүлэн суулгах төвийг нэн даруй байгуулах шаардлага байгаа бөгөөд газрын асуудлыг нь шийдсэн энэ хоёр төсөлд 191,0 сая ам.долларын санхүүжилт шаардлагатай байгааг Кувейтийн сангийн буцалтгүй тусламж болон урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд шийдүүлэх хүсэлтэй байгаагаа Кувейтийн сангийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч хатагтай Иман Абдулраззакд илэрхийлж, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Хатагтай Иман Абдулраззак эрүүл мэндийн салбарт боломжтой бүхий л арга замаар хамтран ажиллахад таатай байх болно гэдгийг хэлээд Монголын талаас хүсэлтүүдээ албан ёсоор тавьснаар шийдвэрлэх арга замын талаар ярилцах боломж нээгдэнэ гэсэн юм. Уулзалтын үеэр Кувейтийн сангаас 200 мянган ам.долларыг ойрын үед эрүүл мэндийн салбарт зарцуулах боломж буйг дуулгаад чухам ямар төсөлд ашиглахыг Эрүүл мэндийн сайдаас тодруулсан. С.Чинзориг сайд шинээр байгуулагдсан Түлэнхийн төвд шаардлагатай эмчилгээ, оношилгооны тоног төхөөрөмжөөр хангахад зориулах нь зөв гэж үзэж буйгаа хэлсэн. Түүнчлэн тус сангаас Монголд зайлшгүй шаардлагатай байгаа Эрхтэн шилжүүлэн суулгах төвийн барилгыг барих санхүүжилтийг шийдэхэд дэмжлэг үзүүлэх асуудлыг судалж нааштайгаар шийдэхийн төлөө ажиллана гэсэн юм.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Кувейтийн сангийн дэд захирлын үүрэг гүйцэтгэгч хатагтай Иман Абдулраззакийг ирэх долдугаар сард монгол түмний их баяр цэнгэл наадмыг үзэж сонирхохоор Монгол Улсад айлчлахыг урьсныг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг баталгаажуулж түүнийг Монголд дахин зочлохыг хүслээ.