Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн санаачилгаар Аж үйлдвэржилтийн үндэсний зөвлөгөөнийг өнөөдөр зохион байгуулж байна.
Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ийн тулгуур зорилтуудын нэг нь “Аж үйлдвэржилтийн сэргэлт” юм. Зөвлөгөөний гол зорилго ч салбарын хөрөнгө оруулалт, эрх зүйн орчин, аж үйлдвэржилтийн сэргэлтэд чухал үүрэгтэй эрчим хүч, дэд бүтцийн нөөц боломж, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоог сайжруулах зэрэг өргөн хүрээнд тодорхой шийдэл гаргахад чиглэж буй. Аж үйлдвэржилтийн Үндэсний хороо, УУХҮЯ, Уул уурхайн үндэсний ассоциац, “Эрдэнэс Монгол” нэгдлээс хамтран зохион байгуулж буй тус зөвлөгөөнд дотоод, гадаадын 1000 орчим төлөөлөгч оролцож байна.
Монгол Улсын эдийн засагт жин дардаг уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, эдийн засгаа төрөлжүүлэх шийдлээ тодорхойлоход энэ удаагийн зөвлөгөөний гол ач холбогдол орших учраас тодорхой үр дүн, шийдэлд хүрэх нь чухал гэдгийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ онцоллоо.
Мөн өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газар цар тахлын хүндрэлийг даван туулахад голлон анхаарч, “Шинэ сэргэлтийн бодлого”-оо зарлаж, хэрэгжүүлэн ажиллаж байна. Дунд хугацааны бодлогын гол цөм болох “Боомтын сэргэлт”-д бүх анхаарлаа хандуулсан. Цар тахлын нөхцөл байдал ч үүнийг шаардсан. Олон жилийн турш шийдэж чадахгүй байсан хил холболтын цэгээ тохирч, уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэрлэлтийн гарцаа нэмэгдүүлэхэд чиглэсэн Гашуунсухайт, Зүүнбаян зэрэг төмөр замуудаа ашиглалтад оруулсан гээд олон чухал үр дүнд хүрсэн. Төрийн үйлчилгээний цахим шилжилтэд Засгийн газар онцгой анхаарч, “Е mongolia 3.0” системд төрийн 80 гаруй байгууллагын 1000 орчим үйлчилгээг нэгтгээд байна. Үүнтэй адил “Аж үйлдвэржилтийн сэргэлт”-ийг эрчимжүүлэхэд Засгийн газар одоо онцгой анхаарна гэдгээ энэ үеэр Ерөнхий сайд албан ёсоор зарлав.
Монгол Улс 173 тэрбум тонн нүүрсний нөөцөөрөө дэлхийд 15-т, 74 мянган тонн ураны нөөцөөрөө Азид зургаад эрэмбэлэгдэж, 36 сая тонн зэсийн нөөц, 250 сая орчим тонн нефтийн нөөц, 11 тэрбум тонн төмрийн хүдрийн нөөц, гурван сая тонн газрын ховор элементийн нөөц бүртгэгдэж, 22 сая тонн жоншоороо дэлхийн нөөцийн есөн хувийг эзэлдэг.