Цагдаагийн ерөнхий газрын Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс оюутнууд хакеруудтай нийлж дүнгээ зассан хэргийг шалгаж байна. Сургуулиас зарласан тэтгэлэгт хамрагдаж чадаагүй Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн 12 оюутан иргэн “Б”-тэй үгсэн дүнгээ засуулаад баригдсан нь энэ. Иргэн Б оюутан бүрээс 70 мянган төгрөг, нийт 840 мянган төгрөг авсан байна.
Мөн тус хэлтэс авто замын хөдөлгөөнд оролцож явахдаа дүрэм зөрчин торгуулсан жолооч нарын мэдээллийг нийтэлдэг www.torguuli.mn сайтад нэвтэрч торгуулийн төлбөрийг үнийн дүнгийн 50 хувьтай тэнцэх мөнгөөр устгаж өгдөг Т, Э, А нарын бүлэглэлийг илрүүлэн шалгаж байна.
Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс сүүлийн жилүүдэд төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, их, дээд сургуулиудын мэдээллийн бааз руу халдах, мэдээлэл хулгайлах, устгах, сүйтгэх хэргүүд гарч байгаа. Үүнээс гадна томоохон худалдааны компаниуд хакердуулж, их хэмжээний мөнгөө алдаж байна. Байгууллага тус бүр мэдээллийн аюулгүй байдлаа сайжруулахгүй бол энэ төрлийн гэмт хэрэг буурахгүй гэдгийг сануулжээ.