Эсктрим, экспо, энтертайнмэнт хосолсон Монголын анхны “POWER Expo & Festival” наадам зургаадугаар сарын 1-4-ний өдрүүдэд болох талаар зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл өгсөн бөгөөд.
Уг арга хэмжээг 22-ын товчооны орчимд байрлах “Авто худалдааны цогцолбор”-т зохион байгуулах аж.
Арга хэмжээний үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн гишүүн Б.Жигмэддорж хэлэхдээ “11 дэх жилдээ зохион байгуулж байгаа арга хэмжээнийхээ нэр төрөл, цар хүрээг өргөжүүлсэн бөгөөд үйл үндсэн ажиллагаа гурван хэсгээс бүрдэнэ.
1.Энтертайнмэнт хөгжмийн наадам
2.Автомашин, мотоциклийн экспо болон экстрим тэмцээн
3.Үзэсгэлэн худалдаа гэсэн чиглэлээр зохион байгуулагдана.
Одоогоор нийт 25 га талбайд тохижилтын ажлыг хийж байгаа бөгөөд 12 га талбай нь асфальтан зам юм. Эх үрсийн баярын өдөр арга хэмжээ эхлэх учир хүүхдүүдэд зориулсан, сонирхолтой тоглоом, үйлчилгээ олон бий.
Мэргэжлийн болон сонирхогчдын ангиллаар дрифтийн тэмцээнийг зохион байгуулна. Түүнчлэн The HU хамтлаг DJ RayRay, артист Ginjin & Mrs M, Nisvanis, Niciton, Big GEE гэх мэтчилэн монголын алдартай уран бүтээлчдийн тоглолтыг дөрвөн өдрийн турш сонсох боломжтой. Жишээлбэл, зургаадугаар сарын 1-ний орой The HU хамтлаг задгай талбайн бүрэн хэмжээний тоглолтыг хийнэ” хэмээв.
Үргэлжлүүлэн Ерөнхий зохицуулагч Б.Ангараг “Арга хэмжээний хөтөлбөр болон тасалбарын талаарх мэдээллийг POWER Expo & Festival хуудаснаас харах боломжтой. Дрифтийн тэмцээнд оролцохоор 100 гаруй тамирчид бэлтгэлээ хийгээд эхэлсэн.
Дөрвөн өдрийн турш уг наадмаа “Монгол ТВ”-ээр шууд дамжуулан хүргэнэ. Бид наадмынхаа үйл ажиллагаанд аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллахаар төлөвлөсөн” гэдгийг хэлэв.
Энэхүү наадамд очих үзэгчдийн автомашины төлбөртэй болон төлбөргүй зогсоолыг бүрэн шийдсэн болохыг зохион байгуулагчид онцолж байлаа. Ингэхдээ 4,000-5,000 автомашины багтаамж бүхий зогсоол бэлджээ.
Үзэгчдийг нисдэг тэргээр зөөх, нийтийн тээврийн тусгай чиглэл гаргах, явуулын эмнэлэг байршуулах зэргээр зохион байгуулалтаа хийжээ.