Зүүн Өмнөд Азийн Мьянмар, Лаос, Тайланд, Камбож зэрэг улсад Монгол Улсын иргэд хөдөлмөрийн мөлжлөгт өртөж, эрх чөлөөгөө хязгаарлуулан, хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болж байгаа талаар Гадаад харилцааны яамнаас иргэддээ сэрэмжлүүлсээр байгаа хэдий ч “өндөр цалинтай ажилд авна”, “хямд зардлаар аялалд зуучилна” зэрэг хуурамч зарын дагуу манай улсын иргэд дээрх улсууд руу зорчиж, гэмт хэргийн хохирогч болох тохиолдол гарсаар байна.
Зүүн Өмнөд Азийн энэхүү бүс нутаг нь цахим луйвар, биеэ үнэлэлт, хөдөлмөрийн мөлжлөг, хүний наймаа болон мансууруулах бодисын хууль бус наймааны гол зангилаа “Алтан гурвалжин” гэж олон улсад нэрлэгддэг бүс нутаг юм.
Иймд, олон нийтийн цахим сүлжээ болон танил, найз нөхдөөсөө тавьсан Зүүн Өмнөд Азийн орнуудад өндөр цалинтай, хялбар ажлын байранд зуучлах саналаас татгалзаж, энэ төрлийн мэдээлэл, санал авсан тохиолдолд Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст мэдээлж, өөрийгөө болон ойр дотнын хүмүүсээ гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэхийг иргэд Та бүхэнд дахин сэрэмжлүүлж байна.