ЭХЭМҮТ-ийн мэс заслын болон хагалгааны дараах тасгуудад их засвар шинэчлэлийн ажил хийгдэж дууслаа
Улсын хэмжээнд хамгийн томд тооцогдох ЭХЭМҮТ нь баригдсан цагаасаа хойш 35 жилийн хугацаанд иж бүрэн засвар хийгдээгүй өнөөдрийг хүрсэн. БГД-ийн нутаг дэвсгэрт байрлалтай ЭХЭМҮТ-ийг олон улсын жишиг, стандартад нийцүүлэн төрөх тасгийг бүрэн шинэчлэх ажлыг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар амжилттай хийлгэсэн
Харин энэ удаад мэс заслын тасгууд болон, мэс заслын дараах тасгуудад иж бүрэн их засвар шинэчлэлтийн ажлууд хийгдэж дуусжээ. Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн барилгын их засвар шинэчлэлтийн 2-р ээлжийн их засвар буюу Хүүхдийн эмнэлгийн зоорьтой 4 давхар “6-4” блок барилгын хуучирч муудсан хэсгийг буулгаж цэвэрлэн шал, хана, тааз шинэчлэх, цонх хаалгануудыг шинээр суулгах, шилэн хаалт хийх мөн агааржуулалтын систем, дотор халаалт, цэвэр бохир усны шугам сүлжээ, дотор холбоо, цахилгаан, гэрэлтүүлгийн иж бүрэн шинэчлэлт хийж тасгуудын өрөөнд хүчил төрөгчийн шугам угсралт, эмч, сувилагч дуудлагын систем суурилуулах, дотор заслын ажил бүрэн хийгдэж олон улсын стандартад нийцүүлэн шинэчлэн тохижуулсан байна.
Тодруулбал:
– Зоорины давхарт инженерийн шугам сүлжээ, агааржуулалтын систем, дотор иж бүрэн засал
– 1-р давхарт Ерөнхий мэс заслын тасаг, Цээжний мэс заслын тасаг нийт 54 ортой 49 хэвтэн эмчлүүлэх өрөө, 2-боолтын өрөө, эмч, сувилагч нарын өрөө
– 2-р давхарт Чих, хамар, хоолойн мэс заслын тасаг, Нүдний мэс заслын тасаг, Бөөрний мэс заслын тасаг нийт 74 ортой 59 хэвтэн эмчлүүлэх өрөө, 2-боолтын өрөө, эмч, сувилагч нарын өрөө
– 3-р давхарт техникийн өрөөнүүд, асран хамгаалагч нарын хүлээлгийн 2 өрөө тус бүр иж бүрэн шинэчлэн засварлажээ.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар инженерийн шугам сүлжээний ажлыг “Алтайн бумбат өргөө” ХХК, барилгын их засварыг “Скудотаур” ХХК тус тус хийж гүйцэтгэж Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажилласан байна.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа уг ажилд дан ганц төрөх тасгийн шинэчлэл засвар багтаагүй, бүх тоног төхөөрөмжүүдийг шинэчлэхээс гадна хоёр өргөтгөлийн барилгын ажил багтаж байгаа. Өнөөдрийн байдлаар тус төвд “Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөлийн барилга, “Хүүхдийн зөвлөх поликлиник”-ийн өргөтгөлийн барилга, 150 хүүхдийн багтаамжтай ажилчдын хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажлууд үргэлжилж байна.