Улсын Их Хурлын Иноваци, цахим бодлогын байнгын хороо өнөөдрийн (2023.05.18) хуралдаанаараа Засгийн газраас 2023 оны тавдугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 49.1-т “Байнгын хороод Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хэлэлцэж санал, дүгнэлтээ гаргана” хэмээн заасан байдаг. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дээрх заалт болон Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт бэлтгэнэ хэмээн явуулна хэмээн Байнгын хорооны дарга Э.Батшугар танилцуулалаа. Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт асууж, зарчмын зөрүүтэй санал гаргах шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахыг дэмжих томьёоллоор санал хураалт явууласан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 100 хувь дэмжиж төслийг хоёр дахь хэлэлцүүлэгт оруулахаар боллоо.
Дараа нь Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т “Байнгын хороо хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцэнэ” хэмээн заасан байдаг бөгөөд энэ дагуу дээрх төслийн гурван зүйлийг нэг бүрчлэн хэлэлцлээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр шийдвэрлэсэн гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэлээ.