Өнөөдөр тэтгэврийн шинэчлэл хийхэд дэмжлэг үзүүлэх хэлэлцүүлэг ХНХЯ-д болов. Уг семинарт EU-TAIEX хөтөлбөрийн мэргэжилтнүүд оролцон өөрийн орны туршлагаас танилцуулж, ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан орнуудтай харьцууллаа.
TAIEX нь Европын холбооны техникийн туслалцаа, мэдээлэл солилцох хэрэгсэл юм. Мөн төрийн захиргааны байгууллагуудыг төрийн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэн Европын холбооны улсуудын тэргүүн туршлагыг түгээн дэлгэрүүлдэг аж.
Өнгөрсөн нэгдүгээр сард ХНХЯ-аас тэтгэврийг жил бүр хэрэглээний үнийн өсөлттэй уялдуулан нэмэх хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан. Хуулийн төсөл батлагдсанаар тэтгэврийн даатгалын сан тогтвортой ажиллах нөхцөл бүрдэх, ирээдүйд бий болох хүн ам зүйн ачааллын өсөлт, насжилтыг угтаж тэтгэврийн тогтолцооны загварыг өөрчлөх замаар ахмад настанд тулгарах эрсдлийг бууруулах, даатгуулагчийн нийгмийн баталгааг хангах зэрэг эерэг үр дагавар бий болно гэж үзжээ.
Өнөөдрийн хуралд тэтгэврийн шинэчлэлийн талаар тодорхой жишээ татах, заавар зөвлөгөө өгөх, цалинд суурилсан тогтолцооноос шимтгэлд суурилсан хуримтлалын тогтолцоо руу шилжихэд сангийн удирдлагыг хэрхэн хийх талаар хэлэлцэв.
ТЭТГЭВРИЙН ШИНЭЧЛЭЛ ХИЙХЭЭР УНГАР, ПОЛЬШ, СЛОВЕНИЙН ТУРШЛАГЫГ СУДАЛНА
Энэ үеэр ХНХЯ-ны Нийгмийн даатгалын бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Батжаргал “Тэтгэврийн шинэчлэлийн тухай хуулийг нэгдүгээр сард УИХ-д өргөн барьсан. Хуулийн шинэчлэлийн хувьд өндөр хөгжилтэй орны туршлага гэхээс илүү социалист байсан орны туршлагыг судлах болно. Учир нь АНУ, Япон, ХБНГУ-ын үндэс суурь нь манай улсаас тэс өөр. Харин Унгар, Польш, Словени улсын туршлага илүү ойр байна. Энэ хүрээнд өнгөрсөн жилээс EU-TAIEX хөтөлбөрт хамрагдаж, хамтарч ажиллаж байна. Шинэчилсэн хуулийг өргөн барихын өмнө уг хөтөлбөрийн зургаан зөвлөх ажилласан. Өнөөдрийн уулзалтаар олон улсын өндөр түвшний зөвлөхүүд оролцов. Уулзалтын үр дүнд сайн хууль гарна гэх хүлээлттэй байна.
Манай улсын нөхөн даатгалын хууль тэтгэврийн санд алдагдал авчирсан.
Жишээ нь Польшийн илтгэгч дурдахдаа тус улс хувийн нэмэлт тэтгэврийн тогтолцоог нэвтрүүлж албан журмаар даатгуулна гэж хуулиа батлуулжээ. Гэтэл амжилттай хэрэгжихгүй байсан учир сайн дурын болгож өөрчилсөн байна. Манай улсын нийгмийн даатгалын хууль нэг давхаргатай. Олон давхаргатай болохын тулд шинэчилсэн найруулгад сайн дурын болон нэмэлтээр гэх заалтыг тусгаж өгсөн. Тэтгэврийн өвлөлтийн хувьд социалист байсан улсад одоог хүртэл асуудал болсон хэвээрээ л байна. Учир нь хуримтлал байхгүй, одоогийн шимтгэлээсээ ахмадуудаа өгчихдөг. Энэ тал дээр ямар нэгэн алхам хийж чадахгүй байна. Жишээ нь Унгар улс хоёр хувийн шимтгэлийг бодитоор хуримтлуулах гэж оролдсон боловч маш их алдагдал хүлээжээ. Тэгээд буцаагаад хуучин тогтолцоонд шилжсэн байгаа юм. Тэгэхээр хамгийн гол нь хөрөнгийн удирдлагын асуудал байна.
Шинэчилсэн хуулиар иргэд эхний 20 жил нийгмийн даатгалаа бага төлөөд сүүлийн долоон жил их төлнө гэх ойлголт байхгүй болно. Харин 1960-1979 онд төрсөн иргэдийн хувьд уг ойлголт үйлчилнэ. Манай улсын нөхөн даатгалын хууль тэтгэврийн санд алдагдал авчирсан” гэлээ.
Словени улсын Хөдөлмөр, гэр бүл, нийгмийн асуудал хариуцсан яамны шинжээч Магда Зупанчич “Монгол улсын нийгэм хамгаалал, хөдөлмөр эрхлэлт зэрэг асуудлаар харилцан туршлага солилцож буйдаа баяртай байна. Цаашид энэ чиглэлээр тодорхой ахиц дэвшил гаргахаар ажиллана. Нэгдүгээрт иргэдийн эрүүл мэндийн боловсролд хөрөнгө оруулалт хийх нь маш чухал. Манай улсад хүн амын дундаж наслалт өндөр байдаг. Иргэн 65 нас хүрсэн бол тэтгэвэрт гарах системтэй. Мөн мэргэжлээс шалтгаалах өвчний жагсаалтыг шинэчлэн баталсан. Хүн амын эрүүл амьдрах боловсролд анхаарснаар дундаж наслалтыг өндөр болгох боломжтой. Аливаа шинэчлэлийг хойшлуулна гэдэг маш буруу. Хойшлуулах тусам дараа нь төлөх төлөөс их байдаг.
Монгол Улсын Засгийн газар тэтгэврийн тогтолцооны шинэчлэлээр олон асуудлыг цогцоор нь шийдэхээр ажиллаж буй нь сайшаалтай. Манай улс 1991 онд тусгаар тогтносноосоо хойш тэтгэврийн шинэчлэлийн асуудлыг ярьж байна. Өнөөг хүртэл тэтгэврийн хуваарилалтын системээр ажилладаг. Гэхдээ тодорхой өөрчлөлтүүдийг хэрэгжүүлсэн. Үүнд тэтгэврийн тогтолцооны хоёр, гурав дахь давхаргыг нэвтрүүлэв. Эдгээр давхаргын зорилго нь иргэддээ хангалттай хэмжээний тэтгэвэр олгох, хадгаламжийг нэмэгдүүлэх юм. Аль ч улсад төгс тохирсон тэтгэврийн тогтолцоо гэж байдаггүй. Тэтгэврийн шинэчлэл хийж буй улс өөрсдийн онцлог, соёл, нөхцөл байдалд тулгуурлан бусад орны жишээг харгалзаж ажлаа эхлүүлэх хэрэгтэй. Аливаа шинэчлэлийг хойшлуулна гэдэг маш буруу. Хойшлуулах тусам дараа нь төлөх төлөөс их байдаг. Эцэст нь хүн амдаа зохистой түвшинд тэтгэвэр олгохоор эдгээр шинэчлэлийг хийж байна” гэв.
Уг хэлэлцүүлэг таван өдөр үргэлжилнэ. Мөн семинараас гарсан үр дүнд ХНХЯ-ны холбогдох удирдлагуудтай цаашид хэрэгжүүлэх алхам, төлөвлөгөөний талаар ярилцаж шийдэлд хүрэх юм.